Үндэсний сурын нээлттэй харваа зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-05-07 18:21:54

Завхан/МОНЦАМЭ/. Улиастайд өнгөрсөн амралтын өдөр  24 сумын 120 гаруй үндэсний сурын харваачдын “Амжилтын төлөө” нэртэй үндэсний сурын нээлттэй харвааг зохион байгууллаа.
Нээлттэй харваанд оролцогчид үндэсний сурын харвааг хэрхэн яаж сурснаа үзүүлжээ. Энэ үеэр харваачдыг уралдуулж дүгнээгүй бөгөөд “Даян мэргэн” сургалтын хүрээнд үндэсний сурын харвааг 24 сумд жигд хөгжүүлэх үйл ажиллагааг албан ёсоор нээсэн байна. Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Дархан мэргэн Ш.Даваахүү, Монгол Улсын Даян мэргэн Б.Ёндон, Хүндэт мэргэн Д.Санжаасүрэн, Гарамгай мэргэн Х.Баасанхүү, Улсын мэргэн З.Сүлдболд нар урилгаар оролцлоо.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-ний өдрөөс эхэлсэн Монгол Улсын даян мэргэн Б.Ёндон тэргүүтэй түүний аав Монгол Улсын Гарамгай мэргэн харваач Х.Баасанхүү, Хүндэт мэргэн Д.Санжаасүрэнгээр ахлуулсан багуудын сум бүрт гурав хоногийн хугацаатай сургалтанд суусан үндэсний сурын харвааг сонирхогчид нээлттэй харваанд оролцсон юм. Энэхүү арга хэмжээ нь Завхан аймгийн Засаг даргын санаачилсан Үндэсний сурын харвааг орон нутагтаа өргөн хүрээнд хөгжүүлж дэлгэрүүлэх, ёс уламжлалаа залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх,  иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой санаачилсан ажлын хүрээнд зохион байгуулагджээ.

Өсвөрийн шилдэг харваачдаар Тосонцэнгэлийн хүүхдүүд тодров


Мөн үеэр өсвөр үеийн 2018 оны аймгийн аварга шалгаруулах үндэсний сурын тэмцээн амжилттай болов. Энэ жилийн харваанд 40 гаруй өсвөрийн харваачид оролцож цэц мэргэнээ сорьсноос н.Батцэнгэл дасгалжуулагчтай Тосонцэнгэл сумийн баг тамирчид тэргүүн байрыг эзэлж удаах байруудад Цэцэн-Уул сум, Улиастай сумын өсвөрийн харваачдын баг эзэлсэн байна.

1990 оноос хойш 28 жилийн хугацаанд Завхан аймгаас Дархан мэргэн нэг, Даян мэргэн хоёр, Улсын мэргэн дөрөв, Улсын гарамгай харваач хоёр, Улсын гоц харваач гурав төржээ. Харин Үндэсний сурын спортын мастер, дэд мастер 40 төрж, Монгол Улсын хэмжээнд Завхан аймгийн харваачид өнгөлдөг байна.

Б.Мягмарсүрэн


相关新闻