Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-05-01 22:15:08

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн ХАҮТ-аас гурав дахь удаагаа "Business breakfast” уулзалтыг зохион байгуулж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжиж буй хөтөлбөрүүдийн талаар ярилцжээ. "Business breakfast” уулзалтын зочноор аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Т.Пүрэврагчаа оролцож Завхан аймагт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжиж буй хөтөлбөрүүдийн талаар танилцуулж бизнес эрхлэгчдийн сонирхсон асуултанд  хариуллаа.
Энэ үеэр иргэд Төсөл бичиж өгөхөөр яагаад батлагддаггүй вэ?, Нэг хүн хэдэн ч төсөл бичиж оролцож болох уу? Төслийн санхүүжилтийг хаанаас олгож байгаа вэ? гэхчлэн асуултуудыг асууж байв. Харин Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Т.Пүрэврагчаа: -“Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс 2018 онд Монгол Улсад хэрэгжих зургаан хөтөлбөр гаргасан байна. Нэгдүгээрт ажлын байрыг дэмжих хөтөлбөр юм.  Энэ хөтөлбөр нь хувиараа бизнес эрхлэн үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой. Мөн залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр гэж бий. Энэ нь 19-25 насны залуучуудын бизнес эрхлэх түүнийг дэмжих буюу сургалтанд хамруулах, шинэ шилдэг бизнесийн санааг бойжуулах гэх мэт үйл ажиллагааг дэмжих зорилготой хөтөлбөр юм. Түүнчлэн старт-ап хөтөлбөр буюу гарааны бизнесийг дэмжих чиглэлээр энэ хөтөлбөр мөн хэрэгжиж байна” хэмээв. Мөн малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр буюу 39 хүртэлх насны малчдыг малжуулах төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Энэ нь залуу малчин, цөөн малтай иргэдэд мал маллагааны арга ажиллагааны болон аж ахуй эрхлэх ур чадвар олгох, малжуулах арга хэмжээг хэрэгжүүлж өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм. Тухайлбал 50-150 толгой малтай бол таван сая төгрөгийг, 150-200 толгой малтай бол дөрвөн сая төгрөгийн малыг худалдан авч өгөх арга хэмжээг зохион байгуулна.

Эдгээр мал нь залуу, төллөх насны мал байдаг. Учир нь малыг цаашид өсгөж үржүүлэхэд дэмжлэг үзүүлж буй хэрэг юм гэлээ.  
Түүнчлэн ямар ч иргэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрт хамрагдах боломжтой. Иргэн таны тархинд байгаа шинэлэг, содон хэрэгжихүйц бизнес санааг бид дэмжиж хамтран ажиллахад нээлттэй гэсэн юм. Харин "Business breakfast” уулзалтыг зохион байгуулагч Монголын ХАҮТ-ын Завхан дахь салбарын дарга Г.Бадамхатан, “Манай бизнес эрхлэгчид танхимтайгаа нягт хамтран ажиллах хэрэгтэй. Та бүхний шинэ шилдэг бизнесийн санааг бойжуулахад танхимын зүгээс мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч хамтран ажиллахад бэлэн“ гэв. Мөн танхимаас зохион байгуулж буй “Business breakfast” уулзалтанд ямар зочныг урьж оролцуулах саналаа нээлттэй хэлэхийг хүслээ. Дараагийн “Business breakfast” уулзалтанд Монголбанк болон Завхан аймагт үйл ажиллагаа явуулдаг арилжааны банкуудын захирлууд оролцох ажээ.

Б.Мягмарсүрэн


相关新闻