"Багшийн алдар" сангаас амжилт гаргасан багш нарыг урамшууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
189@montsame.mn
2018-04-28 12:37:48
Дундговь /МОНЦАМЭ/. “Ган-Илч” ХХК-ийн захирал О.Ганбатын үүсгэн байгуулсан “Багшийн алдар” сангаас улсын чанартай тэмцээн уралдаанд амжилт гаргасан багш нарыг шагнаж урамшууллаа.

Тус санг 2018 онд үүсгэн байгуулсан бөгөөд аймаг орон нутгийнхаа нэрийг улсад гаргаж, амжилт үзүүлсэн багш нарт эдийн засгийн талаас дэмжлэг үзүүлэн шагнаж урамшуулах зорилготой ажээ.

“Багшийн алдар” сангаас өнөөдөр ЕБС-ийн багш нарын дунд зохион явуулдаг сурган хүмүүжүүлэх шилдэг илтгэлийн Улсын уралдааны тэргүүн байрын эзэд Эрдмийн далай цогцолбор сургууль /ЭДЦС/-ийн физикийн багш А.Уранчимэг, Ө.Баянсан нарыг тус бүр нэг сая төгрөгөөр шагнаж урамшуулсан юм.



Түүнчлэн 2017-2018 оны Өсвөрийн Улсын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээний мөнгөн медаль, Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах “Супер найм”-ын хүрэл медалийн эзэн ЭДЦС-ийн биеийн тамирын багш Д.Алтанзул болон Д.Эрдэнэсүх нарт тус тус 500,000 төгрөгийг гардууллаа. Мөн Өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан багш тамирчдыг 500,000 мянган төгрөгөөр урамшуулан шагнав.



“Ган-Илч” ХХК-ийн захирал О.Ганбат ярихдаа, “Би өөрөө багш хүн. Миний амьдралын анхны гараа учраас багшийн асуудал байнга толгойд байдаг. Бид аймгийн боловсролын байгууллагын дэмжлэгийг аваад “Багшийн алдар” санг үүсгэн байгуулсан. Өнөөдөр багш нарыг урамшуулах сангийн анхны үйл ажиллагаа болж байна. Манай сан гаргасан амжилт, үр дүнгээс хамаарч багш нараа шагнаж урамшуулдаг” гэв.

ЭДЦС-ийн физикийн багш А.Уранчимэг хэлэхдээ, “Бид “Суралцагчдын ухаалаг хэрэглээ хүүхдийн хөгжилд хэрхэн нөлөөлөх вэ?” сэдэвт сурган хүмүүжүүлэх илтгэлийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн. Манай багийн хувьд “Физикийн хичээлд гар утасны аппликэйшнийг ашиглах замаар хүүхдийн хөгжилд хэрхэн амжилт, дэвшил гаргах вэ?” гэсэн илтгэлээр оролцож тэргүүн байр эзэлсэн.”

ЭДЦС-ийн физикийн багш Ө.Баянсан хэлэхдээ, “Энэ илтгэлээ бусад сургуулиудад түгээн дэлгэрүүлж байгаа. Бид энэ сэдвийнхээ дагуу програмын гарын авлага гаргасан. Бидний програмын давуу тал нь ямар нэгэн багаж, өтөхөөрөмжгүй тохиолдолд хийсвэр зүйлсийг бодитоор үзүүлэхэд ашиглагдана. Мөн ганцхан физик гэлтгүй бусад хичээлээр хэрхэн програм ашиглан сурагчдад ойлгомжтой заах аргыг судлан, түгээн дэлгэрүүлж байгаа.”

ЭДЦС-ийн биеийн тамирын багш  Д.Алтанзул ярихдаа, “Бид 2013 оноос эхлэн Улсын чанартай тэмцээнд 12 настайгаасаа оролцож эхэлсэн. Түүнээс хойш тэмцээн уралдаануудад тасралтгүй оролцсоор байна. Манай шавь нар сүүлийн 3 жил Улсын аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль авсан бөгөөд 2017 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд 17-18 насны сурагчид маань хүрэл медалийн болзол хангасан зэрэг амжилтуудыг үзүүлж байна.”

ЭДЦС-ийн биеийн тамирын багш  Т.Эрдэнэсүх ярихдаа, “Спортоор хичээллэснээр хүүхэд багаар ажиллах, ачаалал даах, сэтгэлийн тэнхээтэй байх зэрэг чадварыг эзэмшдэг. мөн илүү нээлттэй болж хөгждөг нь бидний давуу тал юм” гэв.  

Энэхүү сангийн үйл ажиллагааг жил бүр өргөжүүлэн зохион байгуулахаа “Ган-Илч” ХХК-ийн захирал О.Ганбат онцоллоо.

Б.Ундармаа

相关新闻