“Нарны хүүхдүүд-2” цэцэрлэгийг дотоодын хандив, тусламжаар барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-04-27 14:05:21
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанчулуут дахь хогийн цэг дээр амьдардаг хүүхдүүдэд зориулан “Нарны хүүхдүүд-2” цэцэрлэгийг бүтээн байгуулах талаар “Вэлүү” сангаас өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийлээ.

“Нарны хүүхдүүд-1” төслийг Канадын иргэн, хатагтай Жули Вэлүү санаачилсан бөгөөд Улаанчулуут дахь хогийн цэгт амьдардаг айл өрхүүдийн хүүхдийг тохилог дулаан, эрүүл орчинд сурч хүмүүжүүлэх зорилготой аж.
Тус сангийн хэрэгжүүлдэг хамгийн том төсөл болох “Нарны хүүхдүүд-1” цэцэрлэгт одоогоор зорилтот бүлгийн 150 хүүхэд хамарч буй бөгөөд дэргэдээ орон нутгийн хүмүүсийн ажил эрхлэлтийг дэмжих зорилгоор жижиг оёдлын цех байгуулжээ. Мөн "Орон нутгийн номын сан", "Гэр ээж" хүүхэд асрах хөтөлбөр, "Зуны зуслан", "Тэтгэлэгт оюутан" зэрэг туслах төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг байна.
Улаанчулуутын хогийн цэг 8 км хүртэл үргэлжилдэг бөгөөд “Нарны хүүхдүүд-1” цэцэрлэг хогийн цэгийн зүүн хойд хэсэгт байрладаг. Иймд хогийн цэгийн баруун захаар амьдарч буй хүүхдэд хүрэхийн тулд “Нарны хүүхдүүд-2” цэцэрлэгийг  барих үйл ажиллагаа эхлээд  байгаа юм.
“Вэлүү” сангийн үйл ажиллагааны менежер Ц.Буд хэлэхдээ, “Нарны хүүхдүүд-1” төсөл “Вэлүү” сангийн дэд ерөнхийлөгч, Канад улсын иргэн Жүли Вэлүүгийн санаачилга, хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулж, гадны голдуу байгууллага, хувь хүмүүсийн дэмжлэгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн билээ. Харин “Нарны хүүхдүүд-2” цэцэрлэгийг бид дотоодын хандив, тусламжаар бүтээн байгуулахаар зорин ажиллаж байна. Энэхүү сайн санааны үйлсийг маань Нийслэлийн Засаг дарга дэмжин ажиллаж байгаад баяртай байна. Иргэд та бүхэн мөнгөн тусламжаас гадна хувцас, ном дэвтэр хандивласнаараа энхрий бяцхан үрсийн амьдралд гэрэл гэгээ бэлэглэхэд хувь нэмэр оруулах болно. Мөн “Вэлүү” сангийн “Сар бүрийн ивээн тэтгэгч” хөтөлбөрт хамарснаар 150 бяцхан үрсийг хоол, ундтай, дулаан байранд сургуулийн өмнөх боловсрол эзэмших нөхцлийг бүрдүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж буй хэрэг юм. Хандивын хэмжээ хэд байх нь чухал биш иргэн Таны оролцоо хамгаас чухал” гэв.
Хандивын арга хэмжээ ирэх сарын 04-ний өдөр “Элит” төвд болох бөгөөд цугласан орлогыг “Вэлүү” сангаас хэрэгжүүлж буй Улаанчулуутын хогийн цэгийн баруун захад барих “Нарны хүүхдүүд-2” цэцэрлэгийн бүтээн байгуулалтад 100 хувь зарцуулна. 
Хэвлэлийн бага хуралд “Вэлүү” сангийн үйл ажиллагааны менежер Ц. Буд, “Нарны хүүхдүүд-“1 цэцэрлэгийн эрхлэгч Н. Мөнхтуяа болон “Нарны хүүхдүүд мөрөөдөл” ТББ-ын захирал А.Баасандорж нар оролцов.
Хандивын данс: Ариг Банк: 2108002087
Хандивын арга хэмжээ: Зуу Зуун Бяцхан Зүрх / Zuu Zuun Byatskhan Zurkh
Холбоо барих утасны дугаар: 9501-1651, 7000-0474 
Ж.Болор

相关新闻