“Мэргэжил бүхэн сайхан” өдөрлөг боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймаг дахь МСҮТ нь Европын холбооноос хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих төсөл”-ийн дэмжлэгтэйгээр ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад сургуулиа танилцуулах, сурталчлах зорилгоор “Мэргэжил бүхэн сайхан” өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа.
Өдөрлөгт Сайнцагаан сумын сургуулиудын дунд, ахлах ангийн сурагчид оролцсон юм. Өдөрлөгийн үеэр МСҮТ-ийн багш, сурагчид өөрсдийн суралцаж буй мэргэлжлээр үзүүлэх тоглолт хийж сонирхуулав.
МСҮТ-ийн сургалтын албаны дарга Ж.Эрхэмбаяр хэлэхдээ, “Хүн бүхэн эрдэмтэн болох албагүй. Гэхдээ хүн бүр сайн сайхан ажиллаж, амьдрах эрхтэй. Энэ эрхийг биелүүлэх гол үндэс нь мэргэжлээ зөв сонгоход оршино. Манай хүүхдүүд улсын хэмжээний тэмцээн, уралдаанд амжилттай оролцож байна. Эндээс харахад тоног төхөөрөмжнөөс илүүтэйгээр хүний хөгжил, багшийн хөгжил, мэргэжилдээ эзэн болох нь илүү чухал гэдгийг онцолмоор байна. Муу сурдаг, сахилгагүй хүүхдүүд л МСҮТ-д сурдаг гэдэг ойлголт олон нийтэд байдаг байсан. Харин бид өөрсдийн гаргасан амжилтаараа энэ ойлголтыг өөрчилж байна” гэв.

МСҮТ-ийн Сантехникийн ангийн 1-р курсын сурагч Г.Адъяадорж, Бид онол, практикийг хослуулж үздэг бөгөөд дадлага ажил их хийдэг. Ингэснээр ур чадвараа нэмэгдүүлж, ажлын байранд гарахад бэлтгэгддэг. Би өөрийн мэргэжлээрээ “Монгол ур чадвар 2018” тэмцээнд нэгдүгээр байр эзэлдээ хэмээсэн бол МСҮТ-ийн Барилгын цахилгааны ангийн 2-р курсын сурагч Ү.Сүхбат, Би өөрийн хүсэл эрмэлзлэлээрээ энэ сургуульд орж ирсэн. Нэгдүгээр курсээсээ ур чадварын тэмцээнүүдэд тогтмол оролцсоор байна. Сайн мэргэжилтэн болохын тулд илүү өөрийгөө нээж, олон зүйлд суралцаж байгаагаа ярьсан юм.

Тус сургууль нь 44 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй бөгөөд одоогоор 16 мэргэжлээр 546 хүүхэд суралцаж байна.
Б.Ундармаа