Сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох хөтөлбөр хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-04-26 12:40:59

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Залуучуудын хөгжлийн төвөөс ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор "Залуу дадлагажигч" хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ.

Хөтөлбөрт аймгийн төвийн сургуулиудын 10-12 дугаар ангийн 30 хүүхэд хамрагдаж байна. Арга хэмжээний хүрээнд тэднийг цагдаа, онцгой байдал, шүүх, эмнэлэг зэрэг төрийн байгууллагууд болон барилгын компаниуд, оёдол, үсчин, гоо сайхны газруудын үйл ажиллагаа, мэргэжлийн онцлогтой танилцуулж, мэргэжлийн хүмүүс зөвлөгөө авах аж.

Түүнчлэн мэргэжлийн чиг баримжаа олгох, хувь хүний хөгжлийн талаарх сургалтуудад хамруулж, мэргэжлээрээ он удаан жил үр бүтээлтэй ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа хүмүүстэй уулзуулахаар төлөвлөж буйгаа аймгийн Залуучуудын хөгжлийн төвийн зохицуулагч Р.Жанылган илэрхийллээ.

Энэ сарын 23-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн "Залуу дадлагажигч"  хөтөлбөр нь ирэх сарын 4-ний өдөр хүртэл үргэлжлэх юм.


Ө.Нурболат

相关新闻