Уйтгартай оршилгүй,шилдэг богино илтгэл сонсохыг хүсвэл “TEDxUlaanbaatar-2018”-ыг зориорой

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dusem11@yahoo.com
2018-04-25 14:39:24
Улаанбаатар /МОНЦАМЭ/."TEDxUlaanbaatar-2018” шилдэг илтгэгчдийн чуулган тавдугаар сарын 5-нд "Corporate Convention Center"-т болно. 
Жил бүрийн хавар залуучуудын хамгийн очих дуртай арга хэмжээний нэг болж чадсан энэхүү арга хэмжээнд Монгол Улсын хамгийн прогрессив сэтгэгчдийн илтгэлийг бүтэн өдрийн турш сонсдог уламжлал тогтоод байгаа юм. Энэ удаа хамгийн олон салбарын төлөөллийг багтаасан шилдэг 18 илтгэгч оролцоно. Тухайлбал, Г.Амартүвшин /банкир, шарк/, Х.Булгантуяа /эдийн засагч, зөвлөх/, Ч.Анар /Энтрепренер, мөрөөдөгч/, А.Баасанжав /Сонсголгүйн боловсролын багш/, Л.Баттүвшин /Тархи судлаач, эмч/, Ж.Хулан /медиа сэтгүүлч/, Б.Болорсайхан /Хүний эрхийн хамгаалагч/ зэрэг манлайлагч залуус сонирхолтой илтгэл тавих юм. 
Энд залуус өөрсдийгөө цэнэглэж, эрч хүч мэдэрдэг бөгөөд оролцох шилдэг илтгэгчдийг өчигдөр олон нийтэд зарлажээ. 1000 залуусыг нэг дор цуглуулдаг “TEDxUlaanbaatar-2018” нь энэ хаврын хамгийн том шуугианыг тарих үйл явдал болох юм.
Уйтгартай оршил үг, асуулт хариултын хэсэггүй, богино хэмжээний “час хийсэн” илтгэлүүд, шинэлэг урлагийн тоглолт бүхий, Монголд өөр хаана ч байхгүй хөтөлбөртэй гэдгээрээ залуусын хүсэл сонирхлыг ихэд татдаг юм. 
TED үйл ажиллагаа нь залууст хүсэл эрмэлзэл, эрч хүч, урам зориг түгээдэг төдийгүй танилын хүрээгээ тэлэх, сонирхолтой үр өгөөжтэй хэлэлцүүлэг өрнүүлэх, нийгмийн асуудлуудыг хэн ямар бүтээлч, шинэлэг аргаар шийдэж байгаатай танилцах боломжийг олгодог. 

Д.Өлзий
相关新闻