Казахстаны Хэлний хөгжлийн төвөөс 1700 ном хандивлажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Казахстан Улсын Ш.Шаяхметовын нэрэмжит Хэлний хөгжлийн зохицуулах, арга зүй төвөөс Баян-Өлгий аймгийн Нийтийн номын санд 1700 гаруй ном хандивлалаа.
Уран зохиол, танин мэдэхүй, хэл шинжлэлийн судалгаанууд, толь бичгүүдээс бүрдсэн уг номуудыг хүлээлгэж өгөх ёслолыг өчигдөр "Дэлхийн номын өдөр"-өөр зохион байгууллаа. Ёслолын ажиллагаанд аймгийн Засаг дарга А.Гылымхан оролцож, Номын сангийн фондыг нэмэгдүүлэх ажлыг өөрсдийн хүчээрээ амжилттай зохион байгуулсан тус байгууллагын хамт олонд талархал дэвшүүллээ.
Аймгийн Нийтийн номын сангийн захирал Ш.Асхар дээрх номуудыг аймгийн төв болон хөдөө сумдын номын сангуудад хүргүүлж, олны хүртээл болгохоо илэрхийллээ.
Баян-Өлгий аймгийн Б.Ахтаны нэрэмжит Нийтийн номын сан нь 120 мянга гаруй номтой бөгөөд 2017 онд БСШУС-ын яамны санхүүжилтээр мянга орчим ном худалдан авч, фондоо баяжуулж байжээ.
Ө.Нурболат