Баян-Өлгийд өрлөгчин, барилгын туслах ажилтан мэргэжлүүд хамгийн эрэлттэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-04-24 23:12:29

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн тоон болон чанарын судалгаагаар өрлөгчин, барилгын туслах ажилчин хамгийн эрэлттэй байна.

Барилгын засал чимэглэлчин, авто замын инженер, замын туслах ажилчин, экскаваторчин, бульдезорчин, ноос самнагч, малчин, нарийн мужаан, бетон арматурчин, ногоочин зэрэг нь эрэлттэй мэргэжлүүдийн жагсаалтад удаалжээ.  

Түүнчлэн багш, эрх зүйч, ерөнхий эдийн засагч, нягтлан бодогч, ерөнхий мэргэжлийн эмч, сувилагч, оёдолчин, барилгын сантехникч, нийтийн хоолны тогооч, программ хангамжийн инженер зэрэг 167 чиглэлийн 1797 мэргэжилтэн орон нутагт илүү бэлтгэгдсэнийг дээрх судалгаанд мөн дурджээ. Иймд судлаачдын зүгээс төрийн албыг чадварлаг хүний нөөцөөр хангах, сурлагаар муу хүүхдийн их, дээд сургууль рүү тэмүүлсэн нийгмийн сөрөг үр дагавар бүхий урсгалыг бууруулах талаар дорвитой арга хэмжээ авахыг сануулсан байна.

Дашрамд хэлэхэд, "Баян-Өлгий аймгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн тоон болон чанарын судалгаа"-г  Европын Холбооны санхүүжилтээр Германы GFA групп хэрэгжүүлж буй "Техник мэргэжлийн боловсрол сургалтын салбарыг хөгжүүлэх төсөл ІІ"-ийн хүрээнд аймгийн ЗДТГ, Статистикийн хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн төв зэрэг байгууллагууд хамтран гаргажээ.

Ө.Нурболат

相关新闻