Түгийн овооны хогийн цэгт техникийн нөхөн сэргээлт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-04-22 13:32:47
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын ЗДТГ-аас хоймортоо орших хогийн цэгээ дарж булах ажилд энэ жил 80 сая төгрөг төлөвлөжээ. Үүнтэй холбоотой Арвайхээр хотын Түгийн овооны хогийн нэгдсэн цэгийн техникийн нөхөн сэргээлт” сэдэвт ажлыг төлөвлөн уг ажлыг гүйцэтгэх сонгон шалгаруулалтыг зарлаад байгаа аж.
 
Сумын төвийн хойно, Түгийн овооны ард хогийн цэгийг байрлуулсны улмаас 4, 8 дугаар багийн иргэд өвөл, зунгүй их утаан дунд амьдарч, үе үеийн дарга нарын чихэнд “хонх уясаар” ирсэн юм. Сумын бүх иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хүчээр хогийн цэгийг хумих ажил 2007 онд хэрэгжиж, үүнд 100 орчим сая төгрөг зарцуулж байсан бол 2008-2009 онд хогийн цэгийг нүүлгэн сумын төвөөс зүүн урд “Нам толгой” хэмээн газар шилжүүлэхээр 28 сая төгрөг төсөвлөж байсан. Гэвч уг ажил хийгдэж эхлэлгүй сураг тасарсан юм.
Түгийн овооны хогийн цэг дээр харуул хамгаалалтын ажилтан томилж, хог ачих зориулалтын машин гаргасан ч иргэд, байгууллагууд нууцаар хогоо ил задгай асгасаар байна. Өнгөрсөн зун Ноосны үйлдвэрээс хог, хаягдлаа аваачиж асгасан нь зунжин утаа май болж, иргэдийн уур бухимдлыг төрүүлжээ. Судалгаагаар иргэд өдөрт 150 тонн гаруй хог, жилд 2000 орчим тонн хогийг ангилан ялгалгүйгээр хаядаг байна.
 
Б.Батчимэг
相关新闻