Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг сурталчлах өдөрлөг зохион байгууллаа.

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-04-21 17:27:54

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс өнөөдөр аймгийн төвийн "Тирлик" худалдааны захад “Нийгмийн даатгалын хууль тогтоомж, үйл ажиллагааг сурталчлах өдөрлөг” зохион байгууллаа.

Өдөрлөгийн талаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч К.Замирагаас тодруулахад: "Өнөөдөр аймгийн хэмжээнд нийгмийн даатгалын тухай хууль эрх зүйн мэргэшсэн зөвлөгөө, мэдээлэл өгөхөөс гадна сайн дурын даатгалын гэрээ байгуулах, шимтгэл төлөх, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, гэрчилгээ баталгаажуулах, Нийгмийн даатгалын цахим үйлчилгээний апликэйшний бүртгэл баталгаажуулах зэрэг үйлчилгээг газар дээр нь үзүүллээ. Иргэдийн идэвх маш сайн байлаа. Нийдээ 300 гаруй иргэнд зөвлөгөө өгч, өргөдөл, хүсэлтэд нь хариу өгсөн. Хөдөөнөөс ирсэн олон иргэн малчны тэтгэврийн талаар зөвлөгөө авсан байгаа. Мөн хэлтсийн улсын байцаагч нар хэд хэдэн бүлэгт хуваагдан захын бизнес эрхлэгчидтэй уулзаж зөвлөгөө өглөө. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөр, нийгмийн хамгааллын улсын байцаагч  нар бидэнтэй хамтран ажиллав" гэлээ.

Уг арга хэмжээ нь өнөөдөр улс даяар зохион байгуулагдсан ба аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч нар хувиараа бизнес эрхлэгчдийн ажлын байранд, сумдын нийгмийн даатгалын байцаагч нар малчны хотонд хүрч үйлчилснээрээ онцлогтой болсон байна.

Ө.Нурболат

相关新闻