Чацаргана, алим, интоорын модны суулгацыг зээлээр олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-04-20 10:33:39
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Энэ жил Орхон аймаг чацарганы 4000, бусад жимс, жимсгэний 1000 суулгац тарина. Суулгацыг төсөл сонгон шалгаруулалтаар шалгарсан туршлагатай иргэн, аж ахуйн нэгжид зээлээр олгоно гэж ХХААГ-ын дарга Ж.Бат-Өлзий ярилаа.

Жимс, жимсгэнэ нь урт хугацааны дараа үр ашгаа өгдөг тул суулгацаа тарьсанаас хойш гурав дахь жилээс нь эхлэн зээлийн эргэн төлөлтөө хийх ёстой.  Суулгац нь 2500-20.000 төгрөг хүртэлх үнэтэй. Жимс тарих иргэн, аж ахуйн нэгж нь хэдий хэмжээний талбайд тариалалт хийх нь өөрсдийнх нь туршлага, ур чадвартай холбоотой аж.  Мөн  жимсний суулгацыг зээлээр олгоод гурав дахь жилээс нь эргэн төлөлтөө хийж эхлээд найман жилийн хугацаанд бүрэн дуусгах ёстой гэсэн шаардлага тавьж байгаа ажээ.
Түүнчлэн “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-аар дамжуулан дуслын аргаар услах тоног, төхөрөөмжийг ХХААХҮЯ-аас зээлээр авч болох юм. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Хүнсний ногоо, жимс, жимсгэнэ” хөтөлбөрийн хүрээнд нийт 191 мянган ширхэг чацаргана, алим, чавга, интоорын модны суулгацыг орон нутагт хуваарилж байна.
Б.Оюун-Эрдэнэ

相关新闻