Усалгаатай тариан талбайн ашиглалт хангалтгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-04-19 23:00:08
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт усалгаатай тариалан эрхлэх нөхцөл бүрдсэн талбайн 27,5 хувийг ашиглаж байгаагаас нэгж талбайгаас хураах ургацын хэмжээг нэмэгдэхгүй байна гэж аймгийн газар тариалангийн салбарынхан дүгнэж байна.
Аймгийн хэмжээнд  Орхон сумын “Орхонмандал”, Сэлэнгэ сумын “Ингэттолгой”, “Оргилдэлгэр”, “Өрмөгтэй”, “Ингэт чацаргана”, Хутаг-Өндөр суманд “Булган тэс” компаниуд нийт 957 га талбайд инженерийн хийцтэй услалтын систем барьсан боловч “Ингэттолгой” компани 263 га талбайд усалгаатай тариалан эрхэлж, бусад аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалтын үр өгөөжийг ашиглахгүй байна.
- Газар тариалангийн талаар баримтлах бодлого бол тариалах талбайн хэмжээг нэг их нэмэхгүй нэгжээс авах ургацыг нэмэгдүүлэхэд чиглэх учиртай. Ер нь газар тариалангийн үйлдвэрлэл тогтворжих нь цаг агаарын ямар ч нөхцөлд тогтвортой ургац авч  чаддаг болсноор хэмжигдэх юм. Иймд хөрсний үржил шимийг хамгаалсан, чийгийн алдагдлыг бууруулсан, механик боловсруулалтыг цөөлж цомхотгосон, бордоо ургамал хамгааллын арга хэмжээг зохистой хэмжээгээр хэрэглэж хэвшсэн, байгаль дэлхийд сөрөг нөлөөгүй дэвшилтэт техник, технологийг ягштал баримтлан ургацын хэмжээг тогтворжуулах  арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан газар тариалангийн бодлогын талаар мэдээллээ.
М.Батжаргал

相关新闻