Хүчин чадал өндөртэй уурын зуухнуудад усан шүүлтүүр тавих үүрэг өгөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/ Арвайхээр хотын 13 уурын зууханд усан шүүлтүүр тавих, зах тойрсон уурын зуухнуудыг нэгтгэх шийдвэрийг дулааны эрчим хүч үйлдвэрлэгчдийн уулзалт, хэлэлцүүлгийн үеэр гаргалаа.
Өнгөрсөн өвөл иргэдээс агаарын бохирдол, халаалтын чанартай холбоотой санал, гомдол цөөнгүй ирсэнтэй холбогдуулан аймагт дулааны эрчим хүч үйлдвэрлэгчдийн уулзалт, хэлэлцүүлгийг энэ сарын 18-ны өдөр зохион байгуулсан юм. Тус хэлэцүүлгийн үеэр аймгийн Засаг дарга Г.Ганболд хэлэхдээ “Энэ чиглэлийн асуудлыг хүйтний улирал дөхөөд ирэхээр ярилцдаг биш урин дулааны цагаас эхлэн хэрхэн яаж шийдвэрлэх гарц шийдлийг нь ярилцаж, оновчтой тодорхойлдог, хэрэгжүүлдэг байх шаардлагатай байна” гэж байв.
Агаарын бохирдлыг бууруулахад тодорхой ахиц дэвшил гарган ажилласан аж ахуйн нэгжүүдэд орон нутгийн төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлж, үйл ажиллагааг нь дэмжсэн бодлого барин ажиллахаа аймгийн Засаг дарга мөн хэлсэн юм.
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр улс төрийн намын төлөөллүүд, мэргэжлийн байгууллагууд, инженер техникийн мэргэжил бүхий хүмүүсийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулаад байна.
Арвайхээр хотод 10-100 кВт хүчин чадалтай 125, 101 кВт-аас дээш хүчин чадалтай 50 уурын зуух байдаг бөгөөд зөвхөн хүнс, барааны захад 40 жижиг уурын зуух галлаж байна.
Б.Батчимэг