О.Гантулга: Тариалангийн бүс хангай руугаа 200 км хойшилсон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-04-15 23:37:03
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын орлогч О.Гантулгатай уулзаж ярилцлаа.
- Булган аймаг газар тариалангийн үйлдвэрлэлээр улсдаа дээгүүр тооцогддог. Энэ жилийн хувьд ямар зорилт дэвшүүлж байна вэ?
- Булган аймаг газар тариалангийн үйлдвэрлэлээрээ улсын хэмжээнд эхний гуравт багтдаг. Дээр үеэсээ тариаланч, хөдөлдмөрч уламжлалтай, газар тариалангийн үйлдвэрлэлээрээ хийсэн ажилтай аймаг. Энэ жилийн газар тариалангийн үйлдвэрлэлийн гол ажлууд эхэлж байна.
Өнгөрсөн жил гантай байсан. Тариалангийн бүс нутгаар ган гачиг тохиолдсон учраас үр тариа, төмс хүнсний ногоо, жимс, жимсгэний ургац тодорхой хэмжээнд буурсан. Гэхдээ үр тарианы хувьд нэгж талбайгаас бусад аймгаас арай ахиу ургац авсан гэдгээрээ бахархаж байгаа. Энэ нь агротехнологио сайн баримталж үр тариаг хугацаанд нь тарьж, хураасан амжилт байна гэж үзсэн.
Энэ жилийн хувьд газар тариалангийн салбарт том зорилтууд тавьж байгаа.
Нэгдүгээрт, үр тарианы тариалалтаа 48683 га талбайд хийхээр төлөвлөсөн. Өнгөрсөн жил уринш бэлтгэлийг чанартай хийсэн. Нөгөө талаар намрын нөөц чийгийн хэмжээ манай аймгийн үр тарианы голлох нутгаар улсын дундажаас өндөр байгаа. Мөн тав,  зургаадугаар сард орох хур тунадасны хэмжээ олон жилийн дундажийн орчим зарим газраар ахиу орох урьчилсан төлөв байгаа учраас энэ боломжийг ашиглаж үр тарианы үйлдвэрлэлийн хэмжээг өмнөхөөс бууруулахгүй байх зорилго бий. Энэ жилийн тариалалтын технологийн асуудлыг бүсчилсэн хэлбэрээр гаргахаар төлөвлөсөн. Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн, ХААИС-ийн агробиологийн сургуулийн эрдэмтэн багш нартай зөвлөлдөж байж орон нутгийн микро орчинд нь тааруулсан бодлого явуулья гэж бодож байгаа. Ингэснээр энэ жилийн 7,8-р сарын гангийн нөхцлийг давж гарах, ургацийн хэмжээг аль болох бууруулахгүй байх боломж байгаа.
Нөгөө талаар сүүлийн жилүүдэд төмс, хүнсний ногооны ургац байнга буурч ирсэн. Хэдэн жилийн өмнө тариаланч, ногоочид аймгийн хүн амын хүнсний хэрэгцээг төмсөөр бүрэн, хүнсний ногооныхоо 70-80 хувийг хангадаг байсан бол энэ үзүүлэлт доошоо буурчихаад байгаа юм. Тийм учраас төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгчидтэй тариаланчдын зөвлөлгөөнөөр тусад нь уулзаж ярилцья. Төмс хүнсний ногооны хувьд усалгаатай тариаланг нэлээд түлхүү хөгжүүлье. Тарималын төрлийг олшруулья. Жижиг талбайд тарьж байгаа ногоочдыг дэмжиж, дундын техникийн үйлчилгээ нэвтрүүлье. Ингэснээр хүнсний ногооны механикжуулалтыг сайжруулах, үйлдвэрлэлийн хэмжээг өсгөх зорилго байгаа юм. Төмс хүнсний ногооны үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр борлуулалтын сүлжээг бодлогоор дэмжие гэж үзэж байна. Механикжсан зоорь бариулах, улсын хэмжээнд төмс хүнсний ногоо худалдаалахыг ченжээр дамжуулахгүйгээр биржийн шугмаар дуудлага худалдаагаар явуулахыг нэвтрүүлж эхэлж байгаа.
Механикжсан зоорийг томоохон суурин газар, Булган, Хутаг-Өндөр, Сэлэнгэ суманд байгуулж өгөхөөр төлөвлөж байна. Үүнийг тариаланчид зоорийг түрээсээр эзэмшээд ногоогоо хадгалах савтай, борлуулалтын сүлжээнд ороод явах ийм зохион байгуулалтын ажил хийх бодлого байна.
- Газрын гарц жилээс жилд муудаж, хадлан тэжээл бэлтгэх ажил сайнгүй байх шиг байна. Шүлхийтэй өвс авсан гэх яриа хүртэл гарсан. Малын тэжээл тариалах талаар ямар нэгэн бодлого байгаа юу?
- Өнгөрсөн жил гандуу байснаас урд талын сум өвс тэжээл авч чадаагүй. Зарим нь бусад аймгаас өвс авч өвөлжилтийн бэлтгэлээ хангасан. Шүлхий өвчний асуудал өвс тээвэртэй холбоотой гэж яригдаж байгаа. Энэ ч бас оргүй зүйл биш байх. Бас л нэг шалтаг, шалтгаан байх. Энэ жил таримал тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлнэ. Газар тариалан эрхэлж байгаа аж ахуйн нэгж бүр таримал тэжээл тодорхой хэмжээгээр тариалах юм. Ингэснээр малын тэжээлийнхээ хэрэгцээг намар бэлтгэнэ. Цаг агаар ямар ч болоо билээ. 7,8-р сард халалт ихтэй байна гэсэн төлөв бий.
Манай аймгийн нутаг дэвсгэрт олон жилийн дундажаас 1-1.5, зарим үед 2 градусаар дулаан байх, хэт халуун байх хоногийн тоо ихсэж байгаа.
- “Жимс жимсгэнэ” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. “Чацаргана” хөтөлбөрт тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Энэ жилийн хувьд чацарганаа үргэлжлүүлэн тариалах уу?
- “Жимс жимсгэнэ” хөтөлбөрөө үргэлжлүүлнэ. Засгийн газраас “Жимс жимсгэнэ” үндэсний хөтөлбөр гаргаад саяхан нээлтээ хийсэн. Өнгөрсөн жил Булганчууд улсын хэмжээний хөтөлбөр батлагдахаас өмнө өөрсдийн “Булган жимс жимсгэнэ” хөтөлбөрийг аймгийн ИТХ-аар батлуулаад “Чацаргана” төсөл хэрэгжүүлсэн. Нийтдээ 174 га талбайд тариалалт хийсэн. Энэ жил үргэлжлүүлээд 110 га талбайд тариалалт хийх бэлтгэлийг хангаж байгаа. Тийм учраас нэгэнт тарьсан тарималаа цааш нь бордож сайжруулах, тариалалтаа нэмэгдүүлэх ажил давхар явна.
- Тариалалт явуулахад урьдчилгаа зээл гээд эдийн засгийн асуудал нэлээд тулгардаг. Энэ жил ямар дэмжлэг үзүүлж байна вэ?
- Саяхан тариаланчдын улсын зөвлөлгөөн болсон. Засгийн газраас үрийн шинэчлэлт дээр анхаарна. Үрийн будааны үнийг 30 хувь хүртэл хөнгөлж байгаа. Нөгөө талаар зээлийн асуудал маш чухал байгаа. Банк хөнгөлөлттэй зээлийн асуудал хэрэгжүүлээд эхэлчихлээ. Шатахууны асуудал дээр гаалийн татвараас чөлөөлж байна. Ингэснээр тариаланчдад шатахуун үнийн хувьд хямдралтай очиж байгаа. Шатахууны хувьд тодорхой хэмжээний урьчилгаа төлбөр төлнө.
- Үрийн нөөц хэр зэрэг байна. Тариалалтыг төлөвлөсөн хэмжээнд хийх үрээр хангаж боломж байна уу?
- Аймгийн дүнгээр 7120 тонн үр шаардлагатай. Эндээс 2100 тонныг нөөцөлсөн. Дутагдах 5019 тонн үрийн захиалгыг нэгтгээд Яаманд хүргүүлсэн. Нөөцөлсөн үрэнд лаборторийн шинжилгээ хийгдсэн байгаа. 5000 тонн үрийг “Тариалан эрхлэлтийн дэмжих” сангийн шугмаар дамжуулан авах яриа хэлцэл хийгээд байна. Хуваарь гаргасан байгаа.
- Өнгөрсөн жил гантай байснаас нэлээд аж ахуйн нэгж ургац алдсан. Тэр хэмжээгээр эдийн засгийн тамир тэнхээ нь муудсан байх. Энэ нь хаврын тариалалтад нөлөөлж байна уу?
- Зээлтэй аж ахуйн нэгжийн зээл төлөлтийн хугацааг сунгах асуудал яригдаад хийгдэж байна. Улсад тушаасан улаанбуудайн нэг тонн тутамд урамшуулал олгож байгаа. Энэ урамшууллаа тухайн зээлэнд суутгахгүйгээр эргээд үрийн буудай бусад шаардлагатай зардалдаа хэрэглэх боломж олгож байгаа. Тийм учраас өнгөрсөн жил үр тариа тариалсан аж ахуйн нэгжүүдийн хувьд зээл, “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-д төлөх төлбөрөөсөө зохих хэмжээгээр хөнгөлөлт үзүүлэх боломж бүрдэж байгаа. Энэ жилийн тариалалтын хувьд аж ахуйн нэгж алдагдалтай ажилласан ч гэсэн эргээд улсын дэмжлэг туслалцаа авах боломж нээлттэй байна. Тийм учраас тариаланчид энэ боломжийг сайн ашиглаад энэ жил технологийн горимоо маш сайн бариад тариалалт хийх юм бол ургац авах боломжтой. Боломжийн ургац авбал алдагдлаа нөхөх боломж байгаа.
- Тариалан эрхлэгчид тахиа жилд алдагдалд хэр зэрэг орсон бол? Ямар дүгнэлт хийж байна.
- Ерөнхийдөө аймгийн хэмжээнд га-гаас 8.3 центнер ургац авсан. Аж ахуйн нэгж болгон тэгж аваагүй. Сайн авсан аж ахуйн нэгж байна. Алдагдалд орсон ч бий. Манай аж ахуйн нэгжүүдийн 60 орчим хувь тодорхой хэмжээний алдагдалтай байсан. Бусад нь ашгаа байг гэхэд алдагдалгүй ажилласан.
- Булган аймгийн хувьд газар тариалангийн тогтвортой хөгжлийн бодлоготой. Хамгийн чухал тулгамдсан асуудал юу байна гэж үзэж байна вэ?
- Аймгийн газар тариалангийн салбарын өнөөгийн байдалд дүгнэлт хийгээд үзэх юм бол талбай ашиглалтын хувьд сайн байна. 1990 оноос өмнө 120 мянган га эргэлтийн талбайтай байсан. Одоо 90,0 гаруй эргэлтийн талбайтай байгаа. Сайхан, Гурванбулаг сумаас бусад нь газар тариалангийн эргэлтийн талбай ашиглаад эхэлсэн байна.
Үр тарианы үйлдвэрлэлд топ аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт хийгээд оператор техниктэй болоод байна. Одоо бид нар жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд техникийн шинэчлэл хийх дундын техникийн үйлчилгээ үзүүлэх ажил руу явж байна. Ингэснээр механикжуулалт өндөр түвшинд гараад ирнэ.
Хамгийн гол зүйл үрийн бодлого. Нутагшсан үрийн сорттой болох асуудал байгаа. Үүн дээр Булган аймаг ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтраад ажиллаж байна. Ганд тэсвэртэй, монгол орны нөхцөлд тохирсон монгол эрдэмтдийн гаргасан сортыг туршиж эхэлж байна.
Мөн байгаль цаг уурын хувьд ижил төстэй Красноярскийн хязгаарын хөдөө аж ахуйн сургуультай хамтарч ажиллаж өнгөрсөн жил Тэшиг, Сэлэнгийн бүст гурван сортыг туршсан байгаа. Энэ сортууд тодорхой үр дүнг өгсөн. Ганд тэсвэртэй сортыг нутагшуулж авна.
Мэргэжилтэй боловсон хүчний асуудал газар тариалангийн аль ч салбарт дутагдалтай байна. Жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, үр тарианы салбарт дутагдаж байгаа. Инженер техникийн ажилтнууд дутмаг байна. Өнөөдөр механикч хүн өөрсдийнхөө олон жилийн туршлагаар техникээ зүгшрүүлж байна. Түүнээс биш газар, техниктээ шинжлэх ухааны үндэслэлтэй ханддаг мэргэжилтэн байхгүй.
Ургац авахын үндэс болсон агротехнологийг барьж чаддаг агромич ховор байна. Нэрлэвэл гарын таван хуруунд багтахаар байна.
Маханикжуулагчдын залуу халаа цөөрч байна. Тийм учраас газар тариалангийн салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд зайлшгүй анхаарах шаардлагатай.
 - Та нарыг сургууль төгсөөд хөдөө ажиллаж байхад залуу агрономичид өөрсдөө үр тарианы сорт үржүүлдэг байсан. Одоо тийм санаачлага байна уу?
- Сэлэнгэ суманд “ИНТОСЭ” компаний Батсуурь гэдэг агрономич байна. Бусад аж ахуйн нэгжүүдэд дангаараа ажиллаад байгаа агрономич алга. Тимирязевийн академи төгссөн манай Нямсүрэн агрономич Бүрэгхангай суманд “Төлүүжин” компаний захирал хийдэг. Үрийн бодлогоо барих тал дээр идэвхтэй ажилладаг.
Санаачлагаараа үрийн аж ахуй хөгжүүлээд явах боломж бий. Гэхдээ аль ч үйлдвэрлэлийг явуулахад хөрөнгө мөнгөний асуудал чухал. Үүнээс болоод шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн харилцаа хоцорч байна. Манай эрдэмтдийн  гаргасан сортыг тариалаад ашиг амжилт олбол хоёуланг нь дэмждэг систем байхгүй. Улсаас эрдэм шинжилгээний хүрээлэнг үйлдвэр баазтай нь холбож өгөх харилцааг зохицуулаагүй. Шинжлэх ухааны байгууллага үйлдвэрлэлээсээ тасарсан байгаа. Бие биенээ тэтгэх нөхцөл хол байна.
- Газрынхаа үржил шимийн ачаар ургац аваад байна. Эх газраа хамгаалах арга хэмжээ авахгүй бол хөрсний үржил шим барагдана гэж зарим тариаланчид сануулж байгаа. Үүнтэй санал нийлэх үү?
- Санал нэг байна. Дэлхийн уур амсгалын дулаарал их идэвхтэй явж байна. Тариалангийн бүс хойшоо хангай руугаа 200 км хойшилсон гэж боддог. Энгийнээр тайлбарлавал өмнө зүгийн суманд үр тариа ургах нь багасаад цөлжилт нүүрлээд эхэлснээс ойлгомжтой байна.
Байгалийн хувьсал өөрчлөлтөд дасан зохицсон тийм л үйлдвэрлэл эрхлэх шаардлагатай. Ялангуяа хөрсний үржил шим их алдагдаж байна. Эвдрэлд орж байна. Тийм учраас хөрсөө хамгаалах, нөхөн сэргээх бодлогыг түлхүү тавих хэрэгтэй.
Ойрын хугацаанд Монгол улсын хэмжээнд хөрсөө анхаарахгүй бол 30 жилийн дараа тариалангүй болох дүр зураг харагдаж байгаа. Үүнийг манай эрдэмтэд тогтоосон. Тийм учраас Монгол улсын Засгийн газраас газар тариалангийн бүс нутгийг зааглан тогтоож, тэнд хашаажуулах, ойжуулах, хөрсний нөхөн сэргээлтийн арга хэмжээг хийх, орон нутгийн болон органик эрдэс бордоо хэрэглэх, зохистой хэмжээнд ургамал хамгааллын үйлчилгээ явуулах энэ ажлыг хийж эхлэхээр төлөвлөж байгаа.
Манай аймгийн нэг онцлог бол газар тариалангийн бодлогын хувьд улсаас түрүүлж харж байгаа гэж болно. бид нарын санаж сэдээд Булган аймгийн газар тариалангийн тогтвортой хөгжлийн бодлого, “Булган жимс жимсгэнэ”, “Зоорь” хөтөлбөр гээд улсын бодлогын өмнө гараад хэрэгжүүлж эхэлсэн байдаг.
Өмнөх жилүүдэд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид барилга засварлах, сургууль, цэцэрлэгийн зөөлөн эдлэл солих гээд хөрөнгө оруулалтыгн зохих хэсгийн төлөвлөдөг байсан бол одоо ард түмний амьдрал амьжиргааны эх үүсвэр болсон хүнсний үйлдвэрлэл тал руугаа бодлого явж байна.
Хөдөө аж ахуйг дээш нь татвал ажил орлоготой болно гэж үзэж байна.
М.Батжаргал

相关新闻