Хойд хөршийн хил залгаа аймагтай түймрээс сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-04-14 18:51:16
Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг, ОХУ-ын Буриад улсын Закамень аймагтай хиллэдэг бүс нутаг хөвч учир ойн түймэр гарах магадлал их байдагтай холбоотой хоёр аймаг энэ жил хамтын ажиллагааны төлөвлөгөө гаргаж хамтран ажиллах болжээ.
Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ш.Баасандорж:
- ОБЕГ, Буриад улсын Онцгой байдлын Яамтай ойн хээрийн түймрийн чиглэлээр гэрээ хийж, харилцан санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Энэ гэрээний дагуу хил залгаа оршиж байгаа нутаг, сумдад хамтарсан төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлнэ гэж ярилаа.
Аймгийн Онцгой байдлын газар хилийн цэргийн анги салбар, хил залгаа сумтай хамтран хилийн бүс, зурваст ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түймрийн мэдээллийг шуурхай авч унраах, улсын хил давуулахгүй байх арга хэмжээг авахаар бэлтгэл бэлэн байдлаа хангаж байгаа аж. Хил орчмын нутагт ан гөрөө хийх, бугын эвэр, жимс түүх зэргээр хилийн зөрчил гарч гал түймэр гарах эрсдэл байдаг юм байна.
М.Батжаргал

相关新闻