Сумын төвд мал маллах журам гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-04-14 18:43:23
Булган /МОНЦАМЭ/ Рашаант сумын ИТХ, Засаг дарга төв сууринд мал болон тэжээвэр амьтан маллах журмын төсөл боловсруулан иргэд, малчдын санал бодлыг тусгах зорилгоор сумын хэмжээнд дөрвөн ажлын хэсэг хөдөөд ажиллуулсан байна.
- Малын элдэв төрлийн өвчин эмгэг гарах магадлал их байгаа учраас төв суурин газар мал маллах журам гаргаж хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Мөн ажлын хэсэг сумын ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх мал аж ахуйг хөгжүүлэх бодлого, аялал жуулчлал дэд хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдэд санал авах ажлыг “Иргэдээ сонсоё” аяны хүрээнд зохион байгууллаа гэж сумын ИТХ-ын дарга Д.Одонсамбуу ярилаа.
Аймаг, сумын ИТХ-ын Тэргүүлэгч, төлөөлөгч, ИТХ, Засаг даргын Тамгын газар, сургууль, эрүүл мэндийн төвийн мэргэжилтэн 24 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хөдөө ажилласан байна.
 
Булган аймгийн Рашаант сумын төвд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоож хоёр сар орчим хугацаанд үйлдвэрлэл үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хязгаарлаж, 54 өрхийн 602 малыг устгасан юм. Эхний улирлын байдлаар сумын төсвийн орлогын төлөвлөгөө тасарч, эдийн засагт нөлөөлж эхэлсэн байна. Тиймээс дээрх журмын төслийг боловсруулж иргэд, малчдын саналыг авчээ.
М.Батжаргал
 

相关新闻