Ой, хээрийн түймрээс сэргийлэх талаар сургалт мэдээллийн сарын ажил зохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-04-14 13:15:34
Булган /МОНЦАМЭ/ Булган  аймагт Ус цаг уур, орчны шинжилгээний газрын урьдчилсан мэдээгээр ойрын хоёр сард олон жилийн дундажаас илүү хуурайшилттай байх төлөв байгааг харгалзан аймгийн Онцгой байдлын газар ой, хээрийн түймэр, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт мэдээллийн ажлыг энэ сарыг дуустал зохион байгуулж байна.
- Манай аймагт байгалийн гамшигт үзэгдэл, иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас гал түймэр, осол гарах нь ихэсч байгаа. Гамшиг, аюулт үзэгдэл, объектын болон ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр байгууллага аж  ахуйн нэгжүүдийн зохион байгуулж байгаа ажил, бэлтгэл бэлэн байдлыг шалгах, зааварчлах, иргэдэд урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах болон байгаль орчныг хамгаалах сургалт, ухуулга зохион байгуулахад энэ удаагийн сургалт мэдээллийн ажил чиглэж байна. Үзлэгт төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллага  хамрагдана гэж аймгийн ОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Д.Ууганбаяр ярьлаа.
Сургалт мэдээллийн ажил хийх хугацаанд гамшгаас хамгаалах удирдах бзрэлдэхүүн, мэргэжлийн анги, ажиллагсад,  иргэд, сургуулийн сурагчдад гамшгаас хамгаалах чадавхийг дээшлүүлэхэд чиглэсэн сургалт зохион байгуулах юм.
Тус аймагт хаврын хуурайшилттай байгаа нөхцөлд ой, хээрт аж ахуйн үйлчилгээ явуулахыг хориглосон бөгөөд Хутаг-Өндөр, Бугат, Булган зэрэг сумын нутаг дэвсгэр түймрийн хамгийн их эрсдэлтэй гэсэн судалгааг мэргэжлийн байгууллага гаргаад байна.
М.Батжаргал

相关新闻