"REACH" төслийн хүрээнд 611 ажлын байр шинээр бий болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн зүгээс Хөгжлийн шийдэл ТББ-тай хамтран хэрэгжүүлсэн жижиг, дунд бизнесийн санхүүжилтийг дэмжих "REACH" төслөөр 7600 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгчдийг сургалтад хамруулан, 747 жижиг, дунд бизнест 68 тэрбум төгрөгийн зээлийн зуучлалыг бий болгожээ.
Ингэснээр 611 гаруй ажлын байрыг шинээр бий болгосон байна. "REACH" төсөл нь 2 жилийн хугацаатай хэрэгжсэн бөгөөд өнөөдөр төслийн албан ёсны хаалтын үйл ажиллагаа боллоо. Арга хэмжээнд АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг, ХХААХҮЯ, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Зээлийн батлан даалтын сан, Монголбанк зэрэг төрийн болон олон улсын хөгжлийн байгууллагууд, арилжааны банк, жижиг, дунд бизнесийн төлөөллүүд оролцож, нийгэм, эдийн засагт гаргасан амжилт, үр дүнгийн талаар дүгнэлт хийж, санал сэтгэгдлээ хуваалцсан юм.
"Хөгжлийн шийдэл" ТББ-ын Гүйцэтгэх захирал Э.Бат-Орших хэлэхдээ, “Бидний хувьд АНУ-ын ОУХА-ийн зүгээс өнгөрсөн хоёр жилд REACH төслөөр дамжуулан Монгол Улсын жижиг, дунд бизнесүүдийн санхүүжилтийг нэмэгдүүлэхэд оруулсан хувь нэмэрт талархаж байна. Уг төсөл нь олон зуун жижиг, дунд бизнесүүдэд ажлын байр нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагааг сайжруулахад шаардлагатай санхүүжилтийг олж авахад тусалсан. Түүнчлэн арилжааны банкууд жижиг, дунд бизнесүүдэд зориулсан зээлийн бүтээгдэхүүний нөхцөл шаардлагуудыг хөнгөвчлөх талаар илүү их анхаарч эхэлсэн” гэв.
“Мөнх такси” ХХК-ийн захирал Р.Мөнхтогтох ярихдаа, Манай байгууллага 5 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Бид Улаанбаатар хотын хэмжээнд такси үйлчилгээний чанарыг сайжруулж, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор энэ төсөлд хамарсан. Бизнесийн гол хөшүүрэг нь урт хугацаатай, бага хүүтэй зээл байдаг. "REACH" төслийн хүрээнд санхүүгийн зээлд хамарч үйл ажиллагаагаа чанаржуулан, сайжруулж байна. Түүнчлэн төслийн хүрээнд олон сургалт болж мэдэж авсан зүйлсээ амьдрал дээр хэрэгжүүлж байна”гэв.
Ажилгүйдлийг бууруулах хамгийн үр ашигтай арга зам нь жижиг, дунд бизнесийг дэмжин хөгжүүлэх бөгөөд тус төсөл хэрэгжсэнээр цаашид зээлийн болон зээлийн батлан даалтын тогтолцоог хүртээмжтэй болгоход эерэг нөлөө үзүүлснийг төсөл хэрэгжүүлэгчид онцлов.
Б.Ундармаа