Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 50 гаруй хувь нь таргалалттай гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-04-11 23:57:45
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд 10-15 насны хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар таргалалт нэлээд их байгаа дүн гарчээ. Энэ  судалгааг 20 гаруй мянган хүн амтай Хөтөл хотын ЕБС-д хийхэд  1000 гаруй хүүхэдтэй тус сургуулийн 2-8 дугаар ангийн нийт сурагчдын 50 гаруй хувь нь таргалттай гарсан байна.

Түүнчлэн аймгийн хэмжээнд өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 10000 гаруй хүнд судалгаа хийхэд маш ноцтой тарган 329 буюу 2.5 хувь, ноцтой тарган 622 буюу 4.8 хувь, тарган 1912 буюу 11.9 хувь, илүүдэл жинтэй 3407 буюу 25.7 хувь, тохирсон жинтэй 6581 буюу 54.9 хувь, жингийн алдагдалтай 31 буюу 0.2 хувьтай гарсан байна. 1990-ээд оны үед жингийн алдагдалтай хүмүүс нэлээд байдаг байсан боловч одоо үүний эсрэг таргалалттай хүмүүс нэмэгдэж байгаа аж. Энэ байдалд нэгдүгээрт хооллолт, нөгөө талаас дасгал хөдөлгөөн хийдэггүй байдал нөлөөлж байгаа гэнэ. 

Өнөөдөр аймгийн хэмжээнд зүрх судасны эрхтэн тогтолцооны эмгэгийн нас баралт тэргүүлж байгаа бөгөөд ялангуяа тархинд цус харвах, зүрхний шигдээс зэрэг сэргийлж болох өвчнөөр хөдөлмөрийн насны хүмүүс тэр дундаа 40 орчим насны залуучууд нас барж байгаа нь тулгамдсан асуудал болж байгаа аж. Эдгээр өвчлөлүүд нь хөдөлгөөний хомсдол, таргалалтаас үүдэлтэй юм. Дасгал хөдөлгөөн хийхэд судас тэлэгдэж, цусны эргэлт хурдасч, эд, эсэд тэжээлийн бодисыг сайн хүргэх, илүүдэл калорийг шатааж, биеийн жинг бууруулдаг байна. Мөн биеийн халууныг нэмэгдүүлдэг тул өвчин үүсгэгч нянг устгах ач холбогдолтой ажээ. Бие махбодийн үндсэн хөдөлгөөнүүдэд суух, сууж босох, алхах, гүйх, харайх, өгсүүр газар алхах, хурдан алхах, шогшоо гүйлт, дээш тоглох, бүжиглэх зэрэг ордог байна. 

Сэлэнгэ аймаг хүн амын өвчлөлийн тэргүүлэх таван шалтгаанаар улс, аймгуудын дунджаас бага байдаг байна. Энд осол гэмтэл, зүрх судас, хорт хавдрын өвчлөлүүд тэргүүлэх таван шалтгаанд ордог ажээ. Мөн халдварт бус өвчний тэргүүлэх шалтгааны нэг амьсгалын замын өвчлөл ч аймгийн хэмжээнд жилээс жилд нэмэгдэж байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
Ч.Отгонцэцэг
相关新闻