Дотуур байрны хөгжлийн орчинг сайжруулах жишиг саналууд гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-04-11 14:21:42
Ховд /МОНЦАМЭ/ БСШУСЯ-ны сайдын өнгөрсөн оны А/426 тоот ”Дунд хугацааны төлөвлөгөө батлах тухай” тушаалд сургуулийн дотуур байрны хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах чиглэлээр тодорхой ажлууд санаачлан хийхээр тусгасан байдаг. Энэ тушаалын дагуу “Дотуур байрны ажилтнуудыг чадавхжуулах” нэгдсэн сургалт үйл ажиллагаа зөвлөлгөөн Ховд аймгийн Үенч суманд боллоо.

Хөдөөгийн 17 сургуулийн захирал, нийгмийн ажилтан, эмч, дотуур байрны багш, тогооч, жижүүр, жолооч, аймгийн БСУГ,  Гэр бүл хүүхэд залуучуудын газар, төслийн ажилтан  нийт 140 гаруй хүн тус зөвлөлгөөнд оролцлоо.
Эдгээр оролцогчид тус бүрдээ “Дотуур байрыг чадавхжуулахад” өөр өөрийн оролцоотой дотуур байрыг хүүхдийн орчинд ээлтэй болгоход хамтын ажиллагаагаа чиглүүлж ажиллахад уг зөвлөлгөөн чиглэгдсэн юм.
Ховд аймгийн Үенч сумын сургуулийн дотуур байрыг сонгож зөвлөлгөөн хийх болсон учир нь 130 гаруй хүүхэд амьдардаг тус байр Норвегийн тусламжийн байгууллагын “Хүүхдийн эрх хөгжил-2” төслийн хүрээнд үйлчилгээний чанарыг сайжруулж, сургуулийн захирал, нийгмийн ажилтан, эмч, багш, эцэг, эх хамтын хүчээр “сэтгэл ханамжтай” ажилладаг аймгийн шилдэг үйлчилгээтэй дотуур байр юм.
Талууд оролцсон дотуур байрны ажилтнуудыг чадавхжуулах сургалтын үр дүнд 17 сумаас оролцогч бүр  тус тусынхаа оролцоог тодорхойлж, ажлын байрны жишиг санал гаргаж, тулгамдсан асуудлаа гаргаж, хүүхэд хамгааллын сайн туршлагаа  хуваалцаж бүлэг болж ажилласан байна.
Тухайлбал бүх тогооч нар   дотуур байрны хүүхдийн хоол хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, дотуур байранд хэрэгжүүлж болох загвар хоолны цэсийг хэлэлцэж гаргаж ирсэн байна.
Сургуулиудын захирлууд дотуур байрны хүүхдэд ээлтэй манлайлал бий болгох, сургуулийн эмч нар сургуулийн насны хүүхдийн нийгмийн эрүүл мэндэд анхаарах нийгмийн хүчин зүйл нөлөөлж байгаа эсэх, тухайлбал хүүхдийн сандал ширээ стандартын дагуу байх, нийгмийн ажилтнууд хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхэд хамгааллын мэдлэгээ дээшлүүлж, туршлагаа харилцан солилцож  өөрийн сумандаа хэрэгжүүлэхээр болсон байна.
                                                                                                                                             А.Бямбасүрэн
 

相关新闻