Ажилгүй иргэддээ сургалт явуулж, үзэсгэлэн худалдаа гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-04-10 21:54:10

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Эрдэнэхайрхан сумын ажилгүй эмэгтэйчүүд оёдол эсгүүрийн 21 хоногийн сургалтанд сууж 90 гаруй бүтээлээр үзэсгэлэн худалдааг сумандаа хийж борлуулжээ.
Энэхүү сургалтыг хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөрийн хүрээнд  хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Насан туршийн боловсролын салбар нэгжтэй хамтран зохион байгуулжээ. Сургалтанд сумын ажилгүй болон, ажил идэвхтэй хайж буй 30 гаруй эмэгтэй зөөлөн эдлэлийг оёх, эсгэх технологид суралцсан байна.
Сургалтын үр дүнд эдгээр эмэгтэйчүүд өөрсдийн бүтээлээр үзэсгэлэн худалдаа гаргаж урласан бүтээгдэхүүнээ амжилттай борлуулжээ. Мөн үеэр өндөр настай болон, өрх толгойлсон эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдэд бүтээгдэхүүнийхээ дээжээс бэлэглэсэн байна. Эдгээр эмэгтэйчүүд цаашид оёдлын цех байгуулж сумынхаа иргэд болон аж ахуйн нэгж байгууллагуудаас захиалга авч зөөлөн эдлэлийн үйлдвэрлэлийг явуулахаар болжээ. Бэлэн ажлын байр хайх биш харин өөрсдөө сургалтанд сууж сурч мэдсэнээр өөрсдийн ажлын байрыг бий болгож байгаа нь сургалтын үр дүн юм. Цаашид тус суманд ажилгүй залуучуудад зориулан мужаан болон гагнуур, үсчний сургалтыг хийх гэж байна. Ингэснээр сумын ажилгүй иргэдийн тоо багасч суманд эрэлт хэрэгцээтэй жижиг дунд үйлдвэрлэл бий болно хэмээн сумын ЗДТГ-аас мэдээллээ.

Б.Мягмарсүрэн 


相关新闻