Яаралтай тусламжийн тасагт бүтэн жилийн эрхтэй интернэтийн үйлчилгээ бэлэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-04-09 23:05:15
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Юнитель группын Сэлэнгэ аймаг дахь салбарын хамт олноос аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийг сонгон 365 хоногтой, үнэгүй дата эрхтэй, люк ТВ эрхтэй гэр интернэтийн үйлчилгээ бэлэглэлээ.
Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн тасгууд дотроос хамгийн ихээр үйлчлүүлдэг анхан шатны тасаг бол хүлээн авах буюу яаралтай тусламжийн тасаг юм. Тус тасаг нь жилдээ 7-8 мянган хүнд үйлчилгээ үзүүлэн ажилладаг бөгөөд цаг хугацаатай уралдан, хүнд өвчтэй хүнд тусламж хүргэх үйлчилгээг үзүүлдгээрээ онцлогтой. Иймд дүрсээ харж ярилцах, эмч нартайгаа түргэн шуурхай холбогдох, төв рүүгээ яаралтай холбогдож, өвчтөнөө харуулж зөвлөгөө авах зэргээр техник технологийн дэвшлийн үйлчилгээг үйл ажиллагаандаа хэрэглэх зайлшгүй шаардлага урган гардаг байна.
Эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга н.Болормаа, "Юнител компаниас хэрэгжүүлж байгаа энэхүү үйл явдал маш зөв зүйтэй ажил болж байна. Хамгийн хүнд хүмүүс энэ тасгаар дамждаг учраас эмч нар хоорондоо холбогдох, мэдээ мэдээллээ солилцох, 3 дахь шатлалын эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нараасаа зөвлөгөө авахад ихээхэн боломж нээгдэж байна” хэмээн хэллээ.  Юнитель компани нь 100 хувийн үндэсний хөрөнгө оруулалттай гэдгээрээ онцлогтой аж. Мөн Монгол Улсын бүх том суурин газрууддаа, мөн зарим сумдад сүлжээгээ оруулсан гэдгээрээ давуу юм. Энэхүү сүлжээгээ ашиглаад гэр интернэтийг оруулж гэр хорооллын болон хөдөөгийн иргэддээ интернэт үйлчилгээг үзүүлж байгаа нь хэрэглэгчдэд их таалагдсан үйлчилгээ болж байгаа ажээ.  
Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг нь аймгийн 17 сум, 6 тосгоны хүн амд хоёрдугаар шатлалын эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлдэг, 310 гаруй ажилтантай. Эмчилгээний 12, туслах 6 тасагтай үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.
Ч.Отгонцэцэг
相关新闻