Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагчийг сая төгрөгөөр урамшуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-04-09 13:54:18
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Засаг дарга шийдвэр гаргаж энэ хаврын элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагчийг нэг сая төгрөгөөр урамшуулах шийдвэр гаргалаа.
Мөн шавь нь 800 оноо авсан багшийг 500000 төгрөгөөр урамшуулахаар болжээ. Энэ шийдвэр нь  орон нутгийн онцлогт тохирсон оновчтой бодлогыг хэрэгжүүлэх замаар багшийг чадавхжуулах, багшийн тэргүүн туршлагыг түгээх, багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, мэргэжлээ зөв сонгох, сурагчдын сурлагын чанар, ур чадвар, ахиц амжилт, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд тус дэм болно гэж албаныхан онцлов.
Багшийн хөдөлмөр хийгээд сурагчдын сурах үйл хэрэг, хичээл зүтгэлийг бодитоор үнэлсэн шийдвэр гаргасанд тус аймгийн боловсролын салбарынхан сэтгэл хангалуун байгаа аж. Аймгийн ЗДТГ-аас  2018 оныг “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд боловсролын салбарт “Маргаашийн нар багшийн гар дээр мандана”, “Хөрш орноосоо суралцъя”, “Эрүүл аж төрөх ёс”, “Эх хэл бичиг-бидний өв соёл” зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.
Энэ жил Дорноговь аймгийн ерөнхий боловсролын 21 сургуулийн 12 дугаар ангийг нийт 839 хүүхэд төгсөх бөгөөд тэдний 834 нь элсэлтийн ерөнхий шалгалт өгнө. Тэдэн дээр нэмэгдэж өмнөх онуудад төгссөн болон ажиллаж байгаа 100 орчим хүн  шалгалт өгөх аж.
Х.Эрдэнэбулган
相关新闻