Нэрэмжит тэмцээний шилжин явах цомын эзнээр Төмөр замчид тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-04-08 23:22:05
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотноо аймгийн Засаг даргын нэрэмжит спортын 5 төрөлт тэмцээн энэ сарын 5-8-нд  амжилттай болж өндөрлөлөө.
Сагс, волейбол, ширээний теннис, олс таталт, шатар гэсэн спортын таван төрлөөр зохион явагддаг энэхүү тэмцээн нь төрийн албан хаагчдын бие бялдарыг хөгжүүлэх, нийтийн биеийн тамирыг түгээн дэлгэрүүлэх зорилго дор явагддаг билээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэхүү тэмцээн энэ жил хоёр үе шаттайгаар зохион байгуулагдах болсноороо онцлогтой байлаа. Тэмцээний нэгдүгээр шат болох аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд, төмөр зам, банк, хилийн цэргийн ангиудын ажилтан албан хаагчдын дунд зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн тэмцээнд нийт 500 гаруй төрийн албан хаагчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Энэхүү тэмцээний нээлтийн үеэр ажил, спорт хоёрыг хослуулан олон жилийн хүч хөдөлмөрөө зорилуж яваа спортын мастер зэрэг цолтой төрийн албан хаагчдад аймгийн Засаг даргаас хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулсан юм. Тус нэрэмжит спортын тэмцээний хоёрдугаар үе шат нь 17 сумдын төрийн албан хаагчдын дунд ирэх тавдугаар сард үргэлжлэн явагдах юм. Спортлог залуу дарга Ш.Оргил өөрөө сагсан бөмбөгийн төрөлд багаа ахлан оролцлоо.
Дөрвөн өдрийн турш маш өрсөлдөөнтэй болж өндөрлөсөн энэхүү тэмцээний ялагч буюу шилжин явах цомын эзнээр Төмөр замын баг тодорч удаах байруудад ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн баг, Гаалийн газрууд тус тус шалгарч шагналын эзэд боллоо.
Ч.Отгонцэцэг
相关新闻