Төслийн багтай хамтран хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-04-03 18:35:54
Өвөрхангай /МОНЦАМЭ/ Европын холбооноос хэрэгжүүлж буй “Монголын техник мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих-2”- төслийн баг өнөөдөр Арвайхээр хотод ажиллаж байна.
Төслийн олон улсын зөвлөх Милан Столба, үндэсний зөвлөх Д.Бүжинлхам тэргүүтэй хүмүүс Өвөрхангай аймаг дахь МСҮТ-тэй хамтран “Хөдөлмөрийн зах зээл, Орон нутаг дахь хамтын ажиллагаа” сэдэвт сургалтыг гурван өдөр зохион байгуулж, хөдөлмөрийн зах зээлийн судалгааг боловсруулах арга зүйг мэргэжилтнүүдэд олгох юм. Мөн аймаг дахь хөдөлмөрийн судалгааг хамтран хийх аж.
Сургалтыг нээж, аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал хэлэхдээ “Өвөрхангай аймгийн хөгжлийн бодлогын баримт бичгийг 2024 он хүртэл боловсруулсан. Үүнийг хэрэгжүүлэхэд хөдөлмөрийн зах зээлийн судалгаа маш чухал" хэмээгээд ажилгүйдлийг бууруулах, амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх ажил үүрэгтэй хүмүүсийг чадавхжуулан сургаж байгаад талархаж буйгаа илэрхийлэв.
Аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж “Монгол Улсад 1990 оноос өмнө Техник мэргэжлийн сургууль /ТМС/-д мэргэжилтэй ажилтнуудыг ажлын байрны үндэслэлтэйгээр бэлтгэж, хөдөө аж ахуй, газар тариалан, бусад гол салбаруудад үр бүтээлтэй ажиллуулж байсан. 1990 оноос хойш боловсролын тогтолцоо өөрчлөгдөж, дээд мэргэжилтэй ажилгүйчүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Бодит байдалтай нийцэхгүй, судалгаагүйгээр элсэлт авч, дээд боловсрол олгодог энэ асуудлыг зайлшгүй анхаарч үзэх нь зүйтэй. Бидэнд өнөөдөр аль салбарт ямар мэргэжилтэй боловсон хүчин хэрэгтэй байна вэ? гэдгийг оновчтой судлан тогтоож, боловсон хүчин бэлтгэх шаардлага тулгамдаж байна” гэв.
“Монголын техник мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих-2” төсөл нь хөдөө, орон нутагт хүнсний ногоо, мал аж ахуй, сүлжмэлийн салбарт хэрэгжиж буй “шилдэг туршлага”-уудыг олж илрүүлэн түгээн дэлгэрүүлэх зорилгоор хэрэгжиж байгаа ба энэ удаагийн сургалт нь түгээн дэлгэрүүлэхээр сонгогдсон таван туршлагын нэг аж. Төслийн багийнхан өмнөх жилүүдэд МСҮТ-тэй хамтран салбар зөвлөл, сурагчдын хоршоо зэргийг чадавхижуулахад хамтран ажиллаж байжээ.
 
Б.Батчимэг
相关新闻