Алба, мэргэжлийн ангиуд бэлэн байдлаа шалгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/. Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор Завхан аймгийн төв талбайд гуравдугаар сарын 29-ний өдөр 16:00 цагт 12 алба, 34 мэргэжлийн анги 461 албан хаагч 85 техник хэрэгсэлтэйгээр цуглаж гамшгийн үед ажиллах бэлэн байдлаа шалгуулсан байна.
Мөн МУИС-ийн Завхан сургууль дээр газар хөдлөлтийн чиглэлээр тактикийн сургуулилтыг зохион байгуулжээ. Энд орон нутгийн гамшгаас хамгаалах зургаан алба мэргэжлийн ангийн 184 иргэн албан хаагч нар оролцлоо. Мөн үеэр аймгийн Онцгой байдлын газраас Завхан аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн Онцгой комиссыг шинэчлэн баталсан тухай мэдээлэл хүргэлээ.
"Завхан аймагт энэ жил газар хөдлөлтийн 82 удаагийн чичиргээ мэдэгдсэн, жил бүр чичиргээ нэмэгдэж байгаа. Тиймээс иргэд, мэргэжлийн анги, албууд байнгын бэлэн байдалд байх ёстой. Тухайлбал газар хөдлөлт болохын өмнө хэрвээ газар хөдөлбөл танай гэр орон, сургууль, ажлын байранд юу юу гэмтэж магадгүй талаар ярилцах, өрх бүр гамшгийн үед ажиллах төлөвлөгөөтэй байх, өрөө, тасалгаандаа хамгийн аюулгүй хэсэг нь хаана байж болохыг урьдчилан тогтоох хэрэгтэй" гэсэн зөвлөгөө өглөө.
Түүчнлэн "хамгийн аюул багатай хэсэг бол коридор (хэрвээ энд тавилга, эд зүйлс ихээр байрлуулаагүй бол) гэж үздэг. Аюулгүй газар руу орох /нуугдах/, халхлах, байх зэргээр дадлага, сургуулилт хийх. Харин газар хөдлөлтийн үед газар хөдлөх үед байшин дотор байгаа бол тайван байж, үймж сандрах хэрэггүй, аюулгүй газар хорогдох /нуугдах/ дотор хана, булан, даацын багана гэх мэт газар хөдлөлт эхлэх үед та хаана байна, тэндээ л газар сууж, өөрийгөө халхлах, хүлээх. Мөн газар хөдлөлтийн дараа өөрийн сэтгэл санааг бүрэн эзэмдэж, эрүүл ухаанаар эргэн тойрноо харах, эхлээд өөрийгөө бэртсэн эсэхийг шалгах. Хэрвээ цус алдаж байвал цэвэрхэн материал ашиглан цус тогтоох арга хэмжээ авах, хүнд гэмтэлтэй хүнийг хамаагүй хөдөлгөж, тээвэрлэж болохгүй" гэхчлэн зөөвөр зөвлөгөөг аймгийн Онцгой байдлын газраас өглөө.
Нэмж дуулгахад ирэх дөрөвдүгээр сард Завхан аймгийн гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг болох юм байна. 2017 оны 67-р тогтоолоор газар хөдлөлтийн үеийн бэлтгэл бэлэн байдлыг Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-д заасны дагуу 3-р сарын 29-ний өдөр 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг орон даяар зохион байгуулжээ.
Б.Мягмарсүрэн