Нүдний торлог бүрхэвч гэмтэх өвчнийг үүдэл эсийг суулгах аргаар эмчилнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-27 14:04:43
ЛОНДОН./ТАСС/. Хөгшрөлтөөс шалтгаалсан нүдний торлог бүрхэвч гэмтэх өвчнийг торлог бүрхэвчинд үүдэл эсийг суулгах замаар эмчилж болно. Ийм дүгнэлтийг Лондоны их сургуулийн коллежийн эрдэмтэд хийсэн бөгөөд тэдний туршилтын үр дүнгийн талаарх мэдээллийг  “Nature” сэтгүүлд нийтэлжээ.
 
Нүдний торлог бүрхэвч гэмтэх өвчин нь 70-аас дээш насныханд элбэг тохиолддог байна. Хэрвээ цаг алдалгүй эмчлэхгүй бол энэ нь сохроход хүргэдэг аюултай өвчин юм. Одоогоор уг өвчнийг лазерын мэс засал болон нүдний алиманд тариа хийх аргаар эмчилж байгаа боловч эдгээр эмчилгээ нь бүх хүнд таарч тохирдоггүй ажээ.
 
Эмчилгээний дээр дурдсан шинэ аргын үндэс нь үүдэл эсийг шууд торлог бүрхэвчинд суулгаснаар гэмтсэн хэсгүүдийг сэргээх явдал юм.  Эрдэмтэд одоохондоо уг аргыг хоёрхон өвчтөн дээр туршаад байгаа бөгөөд тэдний биеийн байдлыг ажигласнаар үр дүнтэй эсэхийг нь тогтооно. Өвчтөнүүд болох 86 настай эрэгтэй, 60 настай эмэгтэй хоёрын хараа эрс муудаж, юм уншиж чадахгүй болсон байна. Харин мэс заслын дараа тэд ердийн нүдний шил зүүгээд хэвлэмэл текстийг уншиж чаддаг болжээ.
 
Сүүлийн үед үүдэл эсийг эмчилгээнд ашиглах явдал түгээмэл болсоор байна. Тухайлбал, саяхан хэсэг эрдэмтэд тархин дахь цус бий болгогч үүдэл эсийн тусламжтайгаар судас хатуурах өвчин даамжрахаас урьдчилан сэргийлэх болон түүнийг эмчлэх шинэ аргыг боловсруулан туршсан байна.
 
 Э.Аянзаяа 

相关新闻