"Нүүдлийн шувуудын аялал"-д оролцох эрхтэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/ Өнгөрсөн амралтын өдөр улс даяар өрнөсөн “Эх дэлхийн цаг-2018" үйл ажиллагаанд Ховд Их Сургуулийн нийт багш, ажилтан, оюутан залуус, лицей сургуулийн сурагчид идэвх санаачилгатай нэгдэж оролцсон юм. Тус арга хэмжээнд хамгийн бэлтгэл сайтай, зорилттой, зөв илэрхийлэлтэй, амжилттай оролцсон Ховд их сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын IV анги тэргүүлж ирэх тавдугаар сарын эхээр Хар ус нууранд болох “Нүүдлийн шувууд диваажин“-г үзэх аяллын эрхийн бичгээр шагнууллаа.
Нүүдлийн шувуудын өдрийг тохиолдуулан иргэдэд экологийн боловсрол олгох, тусгай сонирхлын аяллын маршрут бий болгох, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, Цагаан голын арлуудын бэлчээрийг зохистой ашиглах захирамжийн биелэлтэнд хяналт тавих зорилгоор Хар Ус Нуур Орчмын Улсын Тусгай хамгаалалттай Газрын хамгаалалтын Захиргаа, аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын Газар, Хар Нуур, Ховд Голын Сав Газрын Захиргаа, Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Алтай Соёны салбар хамтран “Нүүдлийн шувууд диваажин“ аяллыг зохион байгуулдаг юм.
“Эх дэлхийн цаг-2018 арга хэмжээнд Ховд Их Сургуулийн нийт оюутан сурагчид хамтран флаш моб бүжиг, эрүүл бие хөдөлгөөнт дасгалыг хамтран хийсэн бөгөөд хүрэлцэн ирсэн оюутан, сурагчдын дунд “Эх дэлхийн цаг” үйл ажиллагааны утгыг хэн сайн тайлбарлах вэ, Монгол реппер буюу эх дэлхийн цагийн талаар өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлэх зэрэг тэмцээн уралдаануудыг зохион байгуулсан нь хүрэлцэн ирсэн зочдын анхаарлыг хамгийн хээр татаж тухайн үйл явдлыг сонирхолтой болгожээ.
Тухайлбал: Сургуулийн өмнөх боловсролын IV ангийн оюутнууд “Эх дэлхийн цаг” үйл ажиллагааны ач холбогдлыг таниулах “Номын хавчуурга” хийсэн бол Биологийн-IV ангийн оюутнууд өөрсдийн санаачлагаар хаягдал материал ашиглан хогийн савнууд, Монгол хэл уран зохиолын IV ангийн оюутнууд “Цахилгаан хэмнэх” ач холбогдол бүхий тараах материал хийж эх дэлхийгээ хайрлах үйлсэд дуу хоолойгоо хүргэж чадсан юм.
“
А.Бямбасүрэн