Шар усны үерт автсан хоёр айлыг нүүлгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-03-26 22:43:31
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Г.Энхтүвшингээр ахлуулсан Эрэн хайх, аврах ангийн 7 алба хаагч, нэг техниктэйгээр шар усны үерийн усанд автсан хоёр айлын гэрийг нүүлгэж, нэг тракторыг татаж гаргасан байна.
Энэ сарын 25-ны өдрийн 08 цаг 40 минутанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Тавин нэгдүгээр баг "Нарийн хөндийн адаг" гэдэг газар хоёр айл усанд автсан тухай дуудлага аймгийн ОБГ-т ирж, дээрх арга хэмжээг авсан байна.
Иймд цас ихтэй уулын ам, бэл, гол, мөрөн, нуурын дагууд суурьшиж байгаа айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд хашаа болон ойр орчмын цасыг зайлуулах, далан, суваг, шуудууг цэвэрлэж сэргээн шар усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхаарууллаа. Мөн бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын эрэг дагуу харгалзах хүнгүйгээр явуулахгүй байх, иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар цаг хугацааг хэмнэх, зам товчлох зорилгоор гол, мөрөн, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.
Ч.Отгонцэцэг
相关新闻