Бөхөн хамгаалах талаар малчдад сурталчилгаа хийж, тусламж үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-03-25 11:28:24
Ховд/МОНЦАМЭ/ Бөхөн хамгаалах ажлын үргэлжлэл болгож малчдад хандсан сурталчилгааны ажлыг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас хийлээ. Тус аян Ховд аймгийн Манхан, Зэрэг, Чандмань, Дарви сум, Говь-Алтай аймгийн Хөхморьт, Баян-Уул, Төгрөг сумын өвөлжилт хүндэрсэн багийн малчдад хүрсэн юм.
Энэ удаагийн сурталчилгааны ажил онцлогтой байв. Бөхөн бүхий нутгийн малчдад энэхүү нэн ховор амьтны үнэ цэнэ, ач холбогдлыг ойлгуулахын зэрэгцээ өвөлжилт хүндэрсэн энэ үед  анхан шатны тусламжийн хайрцгийг малчдад өглөө.

“Өнгөрсөн  өвөл бөхөнгийн нутгаар цас их орж хүйтэрсэн. Өмнөх жилийн  зун өвс муу ургасан болохоор зэрлэг амьтад идэх өвсгүй байдал хэцүү байсан юм. Ийм үед Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан өвс тавьж монгол бөхөн болон зэрлэг амьтдаа хамгаалж байгаад сэтгэл хангалуун байна” хэмээн малчид ярьж байлаа.   
Дашрамд, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар болон бусад талуудын хамтын хичээл зүтгэлээр Монгол бөхөнгийн тоо толгой 2014 оны байдлаар 14,000-д хүрч, тархац нутаг 13 хувиар нэмэгдсэн юм. Харамсалтай нь, 2016 оны сүүлээр дэгдсэн бог малын мялзан өвчний улмаас цөөрч 2017 оны 3 дугаар сарын тооллогоор ердөө 5000 орчим монгол бөхөн үлдээд байсан бөгөөд  энэ тоо одоо улам цөөрч байгаа гэнэ. 
                                                                                                                            А.Бямбасүрэн
相关新闻