Дөргөний иргэд литр усыг таван төгрөгөөр авч байгаа ч эрүүл ахуйн шаардлагад нийцдэггүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-03-25 11:11:28
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Дөргөн сум Хар ус нуурын хөвөөнд 100-500 метрийн зайтай оршдог. Тус сум 3100 хүн амтай. Сумын хүн ам зөөврийн усан хангамжтай. Нуурын уснаасаа уудаг. Гэвч ус нь эрүүл ахуйн шаардлага хангадаггүйн дээр хамгийн үнэтэй усыг тус сумын ард иргэд хэрэглэж байна. Тиймээс тус сумын яаралтай шийдвэрлэх асуудал бол ундны усны асуудал болоод байна.
Дөргөн суманд айл өрх литр усыг 5 төгрөг, албан байгууллага нэг литр усыг 7 төгрөгөөр худалдан авч байна. Харин аймгийн төв Жаргалант сумын гэр хорооллын айлууд худагнаас ус авахдаа нэг литрийг нь хоёр төгрөгөөр авдаг.    
Тус суманд ундны усны хангамж муу байгаа учраас сумын хүн амын дотор элэг, ходоодны хавдар, өвчлөл, мөн цөсний хүүдийн бөөр давсагны чулуужилт элбэг, мухар олгой өвчнөөр өвдөх тохиолдол ихэсч байна гэж Ховд аймгийн Бүсийн оншилгоо эмчилгээний төвийн их эмч, тус сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч П.Улаанхүү хэллээ.
Тэрээр аймгийн ИТХ-ын хуралдаанд тус сумын ундны усны асуудлыг удаа дараа ярьж хэлдэг боловч төлөөлөгчид тендер, хөрөнгө оруулалт, барилга бүтээн байгууллаттай холбоотой асуудлыг дэмжиж уг асуудлыг хойшлуулсаар өдий хүрч байна. 
Дөргөн сумын ундны цэвэр усны хангамжийн асуудал сүүлийн 20 жил яригдаад шийдвэрлэж чадахгүй байгаа юм.
Ховд аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу энэ  оны 02 дугаар сард Дөргөн-Хар Ус нуурын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлт тодорхойлжээ. 
Ховд аймгийн Хар Ус нуурын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулахад   Хүчилтөрөгч 6,0, Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 3  хувиас багагүй байх ёстой ч энэ үзүүлэлт огт гарч ирээгүй байна. Өөрөөр хэлбэл Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, Перманганатын исэлдэх чанар, илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлттэй гарсан байна.
Харин Дөргөн сумын иргэд ундны усны талаар өөр өөрийн үзэл бодлоо ийнхүү илэрхийлж байна. Тус сумын  цэцэрлэгийн багш  О.Орломсүрэн “Харамсалтай нь литр ус  5 төгрөгөөр авч байгаа ус эрүүл ахуйн шаардлага хангадаггүй. Тиймээс манай сумын иргэд эрүүл мэндээрээ хохирч. дотор эрхтний өвчлөлөөр их өвдөж байна. Эрүүл ахуйн шаардлага хангасан ундны усны асуудал шийдэх нь чухал байна. Одоо хаврын улиралд  ус маш мууддаг үе. Үүнээс өөр уух ус байхгүй болохоор уухаас өөр аргагүй байна. Дөргөн суманд 10 орчим гүний худаг гаргасан. Бүгд ундны усанд таарахгүй, эрдэсжилт ихтэй гэсэн судалгаанууд хийгдсэн байна. Зарим гарсан худагнаас нефть тост тосорхог ус гарсан гэж учир  мэдэх хүмүүс ярьж байна" гэв. Харин иргэн Г.Жамьяандорж “Усны асуудал олон жил яригдаж байгаа. Энэ асуудалд ул суурьтай хандаж хэн нэгэн шоу хийлгүй зөв шийдэхийн тулд комисс бүрэлдэхүүн томилж ажиллуулах хэрэгтэй. Усны асуудлыг шийдэх гэж хэд хэдэн удаа төсөв тавигдаж, орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр  ганц хоёр  судалгааны ажил хийгдсэн. Энэ төсвөөр  ямар үр дүнд хүрснийг нэгтгэж иргэдэд тайлан тавих хэрэгтэй. ХХI зуунд техник технологи хөгжсөн үед дэвшилтэт арга технологиуд олон байгаа болохоор мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллаад оновчтой үр дүнтэйг нь сонгох хэрэгтэй. Мөнгө санхүүдээ тааруулж хийж байна гэж хоёрын хооронд үр дүнд хүрэхгүй зүйл хийлгүй өндөр өртөгтэй технологиор хийгдэхээр байсан ч гадаад, дотоод төсөл, хөтөлбөр эрчимтэй хөөцөлдөж ард иргэдийн ундны усны асуудлыг нэг тийш болгохыг  УИХ, аймаг орон нутгийн удирдлагуудаас хүсч байна гэв.
 
А.Бямбасүрэн
 
相关新闻