Өсвөр үеийнхний мэргэжлээ зөв сонгоход туслах аян Ховд аймагт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-03-23 10:24:27
Ховд /МОНЦАМЭ/ Ахлах ангийн сурагчдад эрсдэлээс урьдчилан сэргийлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, мэргэжил сонголтонд арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад зориулсан “Ирээдүйн эзэд-2018” мэргэжил сонголтын аяныг Ховд аймагт эхлүүллээ.
Аяныг аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол, соёл урлагийн газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрууд хамтран зохион байгуулж байна.
Улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа “Ирээдүйн эзэд - 2018” сурагчдын мэргэжил сонголтын аян 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд үргэлжилнэ. Энэ үеэр “Мэргэжлээ хэрхэн сонгох вэ?”, “Мэргэжил сонголтын чиг баримжаа”, “Өсвөр үеийн үерхэл нөхөрлөлийн харилцаа”, “Хувь хүний хөгжил, төлөвшил” зэрэг сэдвүүдийн хүрээнд Ховд их сургуулийн эрдэмтэн багш нар илтгэл мэдээлэл хийж, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад мэргэжлээ зөв сонгох, ур чадвараа хөгжүүлэх, өөрийн нөөц бололцоог нээн илрүүлэх нэгээхэн алхмыг тавьж өгснөөрөө чухал ач холбогдолтой байлаа.
                                                                                                                                          А.Бямбасүрэн

相关新闻