“Монгол ур чадвар-2018”-д сантехникийн ангийн хоёр оюутан оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-03-21 13:12:06
Ховд /МОНЦАМЭ/ Мэргэжилтэй ажилчин алтан гинжнээс ч үнэтэй гэж Монгол Улсын Гавьяат барилгачин Г.Цэен-Ойдов хэлж байсан юм. Ховд аймгийн Хөгжил Политехник коллеж сүүлийн жилүүдэд барилгын төрөл бүрийн мэргэжилтэй ажилчин бэлтгэхэд анхаарч, тэднийг сургуулиа төгсөхөд нь ажлын байранд зуучлахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Тун удахгүй Улаанбаатар хотноо "Монгол ур чадвар-2018" тэмцээн зохион байгуулагдана. Энэ удаагийн тэмцээнд Ховд Хөгжил Политехник коллежийн хоёр суралцагч оролцохоор бэлтгэлээ хангаж байна. Тус сургуулийн захиргаанаас Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын суралцагсдыг идэвхижүүлэх, ур чадварыг үнэлэх, “Монгол ур чадвар- 2018” ажил мэргэжлийн уралдаанд оролцох суралцагчийг шалгаруулах зорилгоор сантехникийн мэргэжлээр суралцаж буй суралцагчдын дунд сантехникийн ур чадварын уралдааныг зохион байгуулсан байна.
Ур чадварын уралдааны эцсийн шатны шалгаруулалт Хөгжил политехник коллежийн Хичээлийн III байр, Сантехникийн мастерын газарт зохион байгуулагдлаа. Эцсийн шатны шалгаруулалтанд Сантехникийн техникчийн нэгдүгээр ангийн оюутан С.Дашдэрэм, Сантехникийн техникчийн нэдүгээр ангийн оюутан Б.Шижээ нар оролцож Халаалтын халаах хэрэгсэл угсрах, Халуун, хүйтэн усны  шугамын угсралт, Бохир усны шугамын угсралт гэсэн гурван даалгаврыг зургаан цагийн хугацаанд хийж гүйцэтгэлээ.
Өнгөрсөн онд Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод зохиогдох “World skills-2017” Дэлхийн ур чадварын уралдаанд Монгол Улсаа төлөөлөн Ховд аймгийн Хөгжил Политехник коллежийн Сантехникийн гуравдугаар ангийн оюутан Ц.Долгормаа  багш С.Батаагийн хамт амжилттай оролцож ирсэн юм.
                                                                                                                                                    А.Бямбасүрэн
 

相关新闻