"Мөстлөгийн үеийн үлэмж биетнүүд” үзэсгэлэн нээлтээ хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2018-03-19 23:25:16
Yesukheitumur Tumurbaatar
Төв МОНЦАМЭ/.  Төв аймгийн Музей аймагт анх удаа ШУА-ийн Палеонтологи, Геологийн хүрээлэнтэй хамтран дөрөвдөгч галавын үе буюу мөстлөгийн үеийн арслан заан, савагт хирс, одос үхрийн олдворуудаас бүрдсэн “Мөстлөгийн үеийн үлэмж биетнүүд” үзэсгэлэнг өнөөдөр аймгийн музейд дэлгэв.

Үзэсгэлэнгийн нээлтэд Төв аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл, ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, аймгийн БСУГ-ын дарга У.Даваажав, ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн Сээр нуруутны палеонтологийн салбарын эрхлэгч, доктор З.Бадамхатан, ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн Сээр нуруутны палеонтологийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Баярмаа болон Төв аймгийн Зуунмод сумын ЕБС-ийн түүх, нийгэм, биологи, химийн багш нар оролцов.

ШУА-ийн Палеонтологи геологийн хүрээлэн Төв аймгийн музейтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд уг үзэсгэлэнг зохион байгуулж байна. Үзэсгэлэнгээр дамжуулж Палеонтологийн шинжлэх ухааны тухай ерөнхий мэдлэг олгох, сурталчлан таниулах болон үзэгч олон нийт тэр дундаа бидний хойч ирээдүй болсон хүүхэд багачуудад эх орныхоо түүх, соёлын өвөө танин мэдэх, бахархах, хайрлан хамгаалах, хадгалж өвлүүлэх сэтгэлгээг төлөвшүүлэх зорилготой гэж ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн Сээр нуруутны палеонтологийн салбарын эрхлэгч, доктор З.Бадамхатан онцолсон юм.

Энэ үеэр ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэн Палеонтологийн шинжлэх ухааны ерөнхий ойлголт өгөх зорилгоор “Монгени” 5-р дунд сургууль, “Хүмүүн” цогцолбор сургуулийн, түүх, нийгэм, биологи, химийн 17 багш нарт “Монголын палеонтологи, өнөөгийн судалгаа”, “Эртний хөхтөн амьтан” сэдэвт сургалтыг зохион байгуулав. Мөн түүх, нийгэм, биологийн багш нартай хамтран мөстлөгийн үеийн амьтдын тухай танин мэдэхүйн хичээлийг ЕБС-ийн хичээлийн хөтөлбөртэй уялдуулан төлөвлөгөөт сургалтыг хийхээр төлөвлөжээ.

Монгол орны эртний амьтад болох хангайн бүсээс олддог дөрөвдөгч галавын буюу мөстлөгийн үеийн олдворуудаас үзэсгэлэнд Жаргалант, Заамар сумдаас илрүүлсэн зарим үзмэр үзэгчдийн сонирхол татаж байв. Үзэсгэлэн энэ оны 10 дугаар сарыг дуустал үргэлжилнэ. 

Т.Есүхэйтөмөр
相关新闻