Д.Нина:Өөртөө цаг гаргаж, бүсгүй хүний нандин хувь заяагаа тольд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-03-19 20:25:38
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Эхнэр хүний хатан ухаан таны гэр бүлд ямар их үнэ цэнээ өгч, хайр бялхуулж байдгийг энэ сайхан ээжийн илэн далангүй яриа танд нэгийг бодуулах бизээ. Ажилсаг, хөдөлмөрчөөрөө бусдадаа үлгэрлэхээс гадна эмэгтэй хүний гоё, сайхан, биеэ хэрхэн зөв авч явдагийг өөрийн биеэр үлгэрлэж яваа Д.Нина хэмээх нэгэн ихэмсэг, эрхэмсэг эх хүн, ээж, эмээтэй хөөрөлдсөнөө хүргэе.
-Сайн байна уу, та. Сайхан хаваржиж байна уу?
-Сайхан хаваржиж байна аа. Ёстой сайхан ажил буцалсан хавар болж байна даа. Эрхэм сэтгүүлч дүүдээ намайг тоож ярилцлага авч байгаад маш их баярлалаа.
-Та бол Монголын маань үлгэр жишээ болсон сайхан бүсгүйчүүлийн нэгэн төлөөлөл. Сэлэнгэ нутгийнхаа хөгжлийн төлөө, охид бүсгүйчүүдийнхээ төлөө ихийг хийж, бүтээж яваа эгэл даруухан монгол эмэгтэй. Дээр нь  сайхан хөдөлмөрч чанар, гоо сайхан царай зүс, гуалиг бие, төгс эрхэм чанараараа бусаддаа үлгэрлэж яваа сайхан эмэгтэй гэдгийг бид мэднэ. Энэ бүхэн нэгэн биед цогцоороо бүрэлдэн, амжилттай яваа хүний амнаас гарах үг мэдээж үнэтэй байх болов уу?
-Ер нь эмэгтэйчүүд бол түүхэндээ монголын хөгжилд хатан ухаанаараа улс орны хөгжилд нэмэр болж ирсэн. Монгол Улсыг удирдаж явсан хаад, дэлхийг эзэлж явсан Чингис хаан хүртэл хатныхаа мэргэн ухаанд түшиглэж гол гол шийдвэрүүдээ гаргаж явсан түүхтэй улс. Өнөөдөр ажил амьдралаа зэрэгцүүлээд явж байгаа аймгийнхаа нийт эмэгтэйчүүддээ үнэхээр бид амьдралыг ч, ажлыг ч амжуулж улс орныхоо ачааг үүрэлцэж яваа хүмүүс шүү. Улс орны хөгжилд нэмэр болох хатан ухаан та бидний гэрт байгаа шүү. Өөрийнхөө хүүхдийг бусдын төлөө, улс орныхоо төлөө зөв хүн болгон хүмүүжүүлээрэй. Ямарч ажил хийсэн, төрийн ч, түмний ч ажил хий тэр нь чухал биш. Өөрийн чинь хүүхэд зөв л хүн болж өсөх ёстой. Энэнээс л таны сайн ээжийн чанар харагдана. Монгол оны хөгжилд энэ маш чухал шүү гэдгийг бүсгүйчүүддээ хэлмээр байна. Эмэгтэй хүн болгон гэртээ яг эх хүнийхээ, ээж хүнийхээ, эхнэр хүнийхээ чанарыг гаргаж менежментээ барьж чадвал хүүхэд зөв хүн болно. Энэ дээр л маш сайн анхаараарай гэж хэлье. Эх орны маань баялаг, ирээдүй бол зөв хүүхэд шүү дээ. Зарим хүмүүс би завгүй улсын ажилтай хүн гээд арзайж сэгсийгээд, өөрийгөө өөд татахгүй явдаг мэр сэр эмэгтэй байдаг.  Өөрийгөө гоё сайхан авч явах бол эмэгтэй хүний өдөр тутмын л хийдэг зүйл. Өөрийгөө хайрладаггүй хүн бусдыг хэзээч хайрлахгүй. Тэгэхээр ээж хүн эмэгтэй хүн гэдгээрээ өөрийгөө хайрлаж сурах хэрэгтэй. Зарим тохиолдолд эмэгтэй хүн хүүхдээ нялх байхад өөрийгөө гаргуунд хаяад сэгсийчихсэн үе байдаг. Хүүхэд өвдөх үед бүр улам илүү өөрийгөө хаядаг үе байдаг. Ийм үе надад ч байсан. Үүнийгээ эргээд харахад тэр хувийн зохион байгуулалтгүй л хүний шинж. Түүнээс биш хүүхэддээ хайртайдаа өөрийгөө хаядаг юм биш. Иймээс бүсгүй хүн үр хүүхдээ сайн ээж, сайхан ээж, ханьдаа сайн хань, сайхан хань байхын тулд өөрийгөө авч явахаас бүсгүй хүний зохион байгуулалт эхэлнэ. Энд бүсгүйчүүд суралцах хэрэгтэй. Ямарч үед завгүй ч байсан өөрийгөө хайрлаж, өөртөө цаг гаргаж, бүсгүй хүний нандин хувь заяагаа тольдож явах нь хамгаас чухал. 
-Та сая хүүхдээ эх хүн зөв хүмүүжүүлснээр таны ээж болсны чанар харагдана гэлээ. Тэгэхээр чанартай ээж байхын эх үндэс юунаас эхтэй байх вэ. Та багш хүн. Арай өөр өнцгөөс харж байна уу?
-Ерөөсөө амьдралаас харж байхад өөрийнхөө хүүхдийг зөв хүн болгон өсгөж, хүмүүжүүлж чадаагүй л бол хэцүү. Үр хүүхэд чинь насныхаа эцэст чамайг хайрлах уу, үгүй юу гэдгийг залуу зандан насандаа хүүхдээ өсгөж явах үедээ л жинхэнэ хайраа урсгаж, хүнийг хайрладаг болгож хүмүүжүүлээчээ гэдгийг ойлгуулж өсгөх хэрэгтэй. Ингээгүй бол энэ таны том алдаа. Дэргэдээ байгаа нэгэн бодит үнэн түүхийг би хуваалцая л даа. Их сайхан гурван хүү төрүүлж өсгөсөн, гурван сайхан бэртэй нэгэн эмээгийн тухай миний нэг хамтран зүтгэгч эмэгтэй хэлж байна л даа. Эмээ болохоор үр хүүхдүүддээ, бэрдээ, ач  нартаа хамаг бүхнээ л зориулаад явдаг. Гэтэл хүүхдүүд нь ойлгохгүй, эхнэрүүдийнхээ үгэнд орж, ээжийгээ зодох, загнах, дарамтлах зэргээр гомдоож яваа. Тэр хөгшин тэтгэвэрээ аваад хүүхдүүддээ л зориулдаг. Аль болохоор тэдний арга эвийг олж, өөртөө сайн хандуулах гэсэн арга сэдэж яваа нь тэр.
-Яагаад энэ эмээ өтөл болсон жаргаж явах насандаа ийм байдалд хүрэх болов оо. Тэр хүүхдүүдийн ухамсар их дорой байгааг ээжийн буруу гэж та хэлэх гээд байна аа даа?
-Яг тийм. Би хэлсэн шүү дээ хүүхдээ зөв хүн, хайраар дүүрэн хүн болгож өсгөх хэрэгтэй гэж. Ингэж өсгөөгүй учраас таны амьдралдаа алдсан том алдаа эргээд өөрт чинь хүндээр тусч байгаа юм. Ер нь залуудаа хүүхдээ өсөж явах үед нь л та өөрөө ээж хүн шиг байж, гэр бүл дотор нь хайраар дүүрэн өсгөчих юм бол тэр хүүхэд зөв хүн болно. Хайрлахгүй жанжлаад, залуугаараа нэг их ажилтай хүн болж, завгүй гэдгээрээ түрий бариад загначихаад давхиад явдаг. Сүүлдээ насны эцэст эргээд тийм загнуурын дунд өссөн хүүхдүүд эргээд өөрийг нь жанжлаад эхэлж байна ш дээ. Нөгөө хүүхдүүд нь хүн хайрлаж мэдэхгүй болоод өсчихсөн. Эргээд эхийгээ хөгшрөөд ирэхээр даралж байна шүү дээ. Иймээс энэ алдааг тэр хүний амаар өөрөөр нь яриулж, бусад залуу ээж нарт ойлгуулж, энэ алдааг давтахгүйн төлөө сэрэмжлүүлэг болгон ухаарал өгөх хэрэгтэй. Түүнээс тэр хүнийг өрөвдөж туслах нь шалгарсан арга биш. Тэр хүн үр хүүхэддээ хайр гэдэг том зүйлийг мэдрүүлээгүй өсгөсөний алдаа байна. Иймээс хайр гэж юу байдгийг мэдэрч өсөөгүй хүүхдүүд ээжийгээ хайрлаж чадахгүй байна. Ээжийгээ хайрлахгүй байгаа хүн өнөөдөр бусдыг хайрлах уу?.
-Өнөөгийн залуус маань нэг л эх оронч, үндэс угсаагаа хайрласан дүрээр цахим ертөнцөөр цэцэрхэх болж. Угтаа бол эх оронч гэж хэн юм бэ. Ер нь ажил хийж хамт олныг удирдан авч явахын гол зүйл юу юм бол. Таныг олон жил удирдах алба хашсан болохоор үүнийг асууж байна л даа?
-Нийгэмд бусдын төлөө гэсэн сэтгэл гаргаж чаддаг, бусдыг хайрлаж чаддаг сэтгэл чинь л жинхэнэ эх орныхоо төлөө цохилж байгаа зүрх юм. Ийм л хүн хэлж чадна, хийж хэрэгжүүлж яваа үйлс нь ч шударга байна шүү дээ. Гэр дотроо ухаарлыг мэдрүүлж, хайраар бялхуулж чадаагүй хүн төрийн болоод төрийн бус байгууллагыг удирдан авч явж чадахгүй. Энэ үгийг би ойр тойрны хамтран ажиллаж байгаа бүсгүйчүүддээ захиж хэлдэг юм.
-Эмэгтэй хүн заяаны зөөлөн, уян, уужуу хүмүүс байдаг. Ер нь хатууг зөөллөж, хагаралдааныг эвлэрүүлж өгөх нандин ухааныг бурхан бүсгүйчүүдэд хайрлажээ дээ. Гэр бүлийн доторх уур амьсгал, тайван сайхан орчныг ээж хүн бий болгодог гэж та хэлээд байна. Зарим бүсгүйчүүд нөхөртөө болон хэн нэгэнд гомдсон гомдлоо сошиал ертөнцөөр илэн далангүй цацах юм. Энэ хэр зөв юм бол?
-Хатуу зантай, эрх дураараа, зэрлэг балмад зантай өссөн эрчүүдийг эмэгтэйчүүд л номхруулдаг. Түүнээс биш ханилсан ханиа нэгэнт л сонгоод суусан бол сольж холихдоо гол нь биш. Нэгэнт заяасан хань чинь тийм л хэцүү хүн тохиолдсон бол эмэгтэй хүний уужуу, хатан ухаанаар хүмүүжүүл, номхруул. Эргээд хань нөхөр чинь чамайг хайрлаад халамжлаад явдаг ийм эргэлтийг эмэгтэй хүн л менежментээрээ өөрөө гаргаж ирдэг юм шүү. Манай монголчууд хэлдэг. Эр хүнийг сайн эмэгтэй байгаа түвшнээс нь гурван шат ахиулдаг. Муу эмэгтэй гурван шат доошоо чирдэг. Тэгэхээр эрэгтэй хүн амжилттай байна гэдэг тэр айлын эхнэр хүн ухаантай байна гэсэн үг. Эрэгтэй хүн ууж идээд алдаа гарахад эмэгтэй хүний хатан ухаан тэнд л гарна. Энэ намайг зовоож байна гээд ах дүү, ээж аав хэн хүн рүү уйлж унжиж өмөөрүүлэх гээд, хадмууддаа ч танай энэ чинь ингээд байна гээд байвал тэр эмэгтэй өөрийгөө л нэр хүндгүй болгож байгаа юм. Согтууд нь зүрхийг нь хөдөлгөж, хэрүүл хийж, дэгэж дэврүүлэхгүйгээр халамжилж, хайрлаад. Дараа нь эрүүл болсон үед нь ухааанаа хэлээд өөртөө нь ажиллаад явахаар нөгөө догшин зантай эр хүн чинь аандаа номхроод ирнэ. Эмэгтэй хүний хатан ухааны нэг үндэс бол ханьтайгаа харьцахаас эхэлнэ. Нөгөө согтуу үедээ гаргасан муухай явдлыг бусдаас нуудаг, үр хүүхдээсээ нуудаг, найз нөхдийнх нь дунд мууг нь хэлэхгүй байх хэрэгтэй. Тэгээд явахаар өөрийн эрхгүй тэр хүн чинь ухаардаг. Ийм бүсгүй хүнтэй ханилсан эрэгтэй амьдралд бардам, эхнэрийнхээ төлөө сэтгэлээ зориулж чаддаг болдог. Үүнийг би өөрийн амьдралын явцад олж харсан. Ханьдаа их гоё өгөөмөр хандах л хамгаас чухал даа. Эхнэр хүн нөхрөө шившигт байдалд оруулахгүйгээр алдсан алдааг нь хатан ухаанаар өнгөрүүлж, уучилж, өршөөж, өөрөө ухаан зараад явах юм бол тэр гэр бүл улам батжаад явна. Ямарч эрэгтэй хүн эмэгтэй хүн ухаан зараад л явахаар ямар ч том дарга байсан эхнэрийнхээ удирдлагад ороод ухаанд нь хөтлөгдөөд л явдаг. Ерөөсөө тэр гэр орны ямар байх эмэгтэй хүнээс л шалтгаалдаг. 
-Ингэхэд тэр яриад байгаа хатан ухаан нандин увидас гэдэг чинь яг чухамдаа юуг хэлээд байгаа юм бэ. Нэг л их том ухаан, их л том зүйл үү. Таны туулж өнгөрүүлсэн амжилтын их үндэс, удирдлага хүний алсын хараа, унасан доройтсон бүхнийг өөд нь татаж, гэрэл гэгээтэй болгож ирсэн амжилтын тань гол хөтөч энэ үү?
-Өнөөдөр би 63 нас хүрчлээ. Гэтэл төрийн бус байгууллагыг удирдаач гэсэн саналыг залуучуудаасаа авчаад нэг талаас айсан. Энэ хурдтай, цахимжсан цаг үед залуучуудын хөгжлийн хөлийг гүйцэх болов уу. Нөгөө талаас бас хүндэтгэл үзүүлж байна шүү гэдэг утгаар хоёр талтай харсан. Би гавьяаныхаа амралтанд суугаад гурван жил гаруй өөрийн дураараа ёстой задгай явсан. Гадаадад аялж, үр хүүхдүүдийнхээ буяныг эдэлж, ханьтайгаа хамтаар эрх чөлөөтэй, дуртай юмандаа явж зугаалсан. Монголчуудынхаа хэлдэгээр санаснаа хийж, сарвайснаа авч явсан. Гэтэл энэ өнцгөөс эргээд харахад бас өөрийнхөө амин хувийг хичээгээд өөрийгөө бодоод явах буруу юм байна. Би чинь Монгол Улсын иргэн, эх хүн, эмээ хүн. Ийм учраас энэ сайхан цэцэглэж, дэлбээлж яваа залуу бүсгүйчүүддээ өмөг түшиг болж, надад бусдад түгээж чадах хэрэгтэй зүйл байдаг юм бол эд маань сурч мэдэж аваг. Гэр бүлдээ болоод улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахад нь залуусынхаа сэтгэлд нөлөөлье гэж бодоод санаа шулуудан зөвшөөрсөн. Уг нь би эргэлзэж байсан юм. Ингээд би энэ намын дэргэдэх төрийн бус байгууллага НАМЭХ-ны Сэлэнгэ салбарын даргаар ажиллах саналыг нь зөвшөөрсөн. Энд би ажиллахдаа энэ салбарт байгаа эмэгтэйчүүдээс 30 түүнээс дээш насаар ахмад настай болж байна. Ийм сайхан залуу бүсгүйчүүдэд уламжлалт монгол ухаанаа өвлүүлэх, хүн ахтай, дээл захтай гэж ах захаа хүндэлж ирсэн түүхэн уламжлал, ахмадуудын түшиг тулгуур өнөө цагт маш их хэрэгтэй болж байгааг мэдэрсэн учраас амиа хичээхгүй хамт ажиллахаар шулуудаад ажлаа эхлээд явж байна. Өнөө цагт бид ахмад, дунд, залуу үеийг уяж явж байж бид бие биенээсээ суралцах юм байна. Тийм учраас би хийдгээ хийчихсэн гээд хувиа хичээгээд явж боломгүй санагдсан.
Хатан ухаан гэдгийн хамгийн нэг чухал учир бол эмэгтэй хүн гэр бүлдээ менежментээ зөв хийж чаддаг байх ёстой. Ингэж чадсан эмэгтэй хүн байгууллагаа, улс орноо авч явахын зэрэгцээ янз бүрийн сонгуульт ажлуудыг амжуулаад, амжилт гаргаад, өөрийгөө таниулаад явж чадах боломжтой юм байна. Бүсгүйчүүд минь эхлээд биеэ цэгцэл, дараа нь гэрээ цэгцэл, тэгээд улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруул. Аливаа юмыг бүсгүй хүн л илүү ойрхон харж, ойлгох ёстой юм байна шүү.
Өнөөгийн энэ ороо бусгаа, олон намын үзэл бодол дунд эмэгтэй хүний хатан ухаан хамгаас хэрэгтэй болж байна. Ухаан бодлоо уралдуулан улс орноо хөгжүүлье гээд олон нам бий болсон. Гэтэл энэ дунд ямар нэгэн атгаг санаа монголын ноёдуудыг хооронд нь хагаралдуулдаг байсан түүхийн сургамжийг бид мартаж болохгүй.  Үүнийг бүсгүй хүний торгон мэдрэмжээр олж харж, зөөллөж, эвлэрүүлж өгөх хэрэгтэй. Гэр бүл дотроо эвтэй найртай, гэр бүл дотроо өсөн торниж яваа нялх үрээ бусдын төлөө гэсэн сэтгэлтэй, хайр дүүрэн хүн болгож хүмүүжүүлж өсгөе.
Хатан ухаан гэдэг бол жижиг зүйлээс эхэлдэг юм байна. Иймээс хатан ухаан гэж томоор харж ярихын оронд амьдралд байгаа жижиг зүйлээ олж хараад, зөв амьдрах. Хатан ухаан гэдэг төгс боловсорсон стандартыг хэлдэггүй юм аа. Ээж хүн, эмэгтэй хүн хатан ухаан гаргаж байгаа бол гэр бүл дотроо нэр хүндтэй байж чадна. Хэрвээ та нөхөртөө үнэ хүндгүй байгаа бол та хатан ухаангүй байна гэсэн үг. Таны үг хүүхдүүддээ үнэ цэнэтэй хүрч чадаж, хэлсэн болгон чинь зөв тусч байгаа бол та зөв ээж. Гэтэл хүүхдүүдийнхээ нүдэн дээр шоудаад, хоол ундгүй, орхиод ах эгчид нь даатгад яваад байгаа эмэгтэй нэр хүндтэй байхгүй. Улсын ажил гээд хоолтой хоолгүй үр хүүхдээ хаячихсан гэр бүл дотор хүүхэд ээжийгээ хайрлах уу, үгүй. Тиймээс гэр бүл дотроо нэр хүндтэй байхаас л хатан ухаан эхэлнэ. Ийм байхын тулд хайраа урсгана. Үр хүүхдээ, хань нөхрөө хайрлахаас гадна жижиг том гэлтгүй ажлаа зөв зохицуулдаг байж чаддаг, жинэхэн тэр гэр бүлийн жанжин байж чадсан эмэгтэй ямарч удирдах ажил дээр очсон тэр хамт олныг эвлүүлээд хүний төлөө сэтгэлээ зориулж түүртэхгүй ажлаа хийж чадна. Хамт олон гэдэг өөрөө маш том хүч. Ийм хүний үг аандаа тэдэнд хүрч хийсэн бүхэн биелэгдээд явдаг. Хүнд яаж харагдах, хүн юу гээд бодох бол гэдэг хандлагаар ханддаг хүмүүсийн ажил цэгцтэй байдаггүй, задраад л явдаг. Энэ бол нийгмээ дагаад өөрийн эрхгүй ийм байдал үүсэх хандлага бий болжээ. Эмэгтэй хүн л гэр бүлдээ эзэн байж, амьдралаа зөв залж чадвал тэр хатан ухаан.
-Та залуудаа пионерийн удирдагч байсан гэлээ. Таны чадварлаг удирдагч болохын замыг таны мэргэжил тавьж өгчээ дээ. Тэр үеийнхээ дурсамжаас хөглөөч?
-Би залуудаа пионерийн удирдагч байлаа. Энэ бол түмэн ажилтай байдаг. Баатарчуудад элсүүлнэ, пионерт элсүүлнэ, эвлэлд элсүүлнэ гээд. Тэгээд эх орондоо хайртай иргэнийг бэлдэнэ. Аав, ээжээ хайрлахаас эхлээд хүн болгон төлөвшүүлэх ажилд пионерийн удирдагчид маш сайн ажиллаж байсан. Баатарчуудад элсүүлэх ажил чинь гэр бүлдээ ах эгчээ хайрлаад аав ээжийнхээ үгэнд ор гэдгийг аягүй гоё ухамсарлуулж өгч байсан. Ээж аавуудтай хамтарч тэмцээн уралдаан зохион байгуулаад гэр бүл дотор хайр байдгийг зааж өгч байсан. Тийм сайхан хүүхдүүдийн төлөө ажиллаж байхдаа хүүхдүүд гэр бүлдээ үлгэр жишээч, аав ээжүүд гэр бүлдээ үлгэр жишээч байхын утга учрыг пионерийн удирдагч ойлгуулж хийж байсан. Энэ үеэс би өөрийгөө хүнд ойлгуулах, миний үг бусдад үнэтэй байхын үүднээс өөрийгөө зөв авч явах, үлгэр жишээ байх, гоё сайхан байх соёлд өөрийгөө сургасан. Өөрөө арзайж сэгчийчээд, өөрөө хайш яайш хувцас өмсчөөд та нар зөв бай, сайн эхнэр бай гэж хэлэх эрх байхгүй. Зөв гольдролд ороод санаагаа зөв тийш удирдаад ирэхээр хүн өөрөө аандаа зөв гольдролд ороод ирдэг юм билээ. Хүний төлөө ажиллаж байгаа хүн өөрийгөө цэгцэлдэг юм билээ. Харин хүний төлөө чин сэтгэлээ зарж чадахгүй зүгээр л хүнд харагдах өнцгөөс ажил хэрэгч харагдах гэсэн, би завгүй байна гэж шалтаг хэлдэг хүмүүс бол хүний төлөө чин сэтгэлээ зориулдаггүй хүмүүс байдаг юм байна гэсэн дүгнэлтийг би амьдралынхаа явцад авсан шүү. Хүний төлөө сэтгэл зүрхээ зориулж чадаж байгаа юм бол өөрөө тэр хэлсэн үгтэйгээ адилхан өөрийгөө авч явдаг хүний үг үнэтэй байдаг юм байна. Тэгээд өөрөөрөө үлгэрлэнэ. Тэр хүн өөрөө хэзээч ёс бус үйлдэл гаргахгүйгээр байж чадаж байж, аавтай, ээжтэй элэг бүтэн гэр бүлийг бий болгоно. Пионерийн ахлах удирдагчийн ажлыг би 14 жил хийсэн. Тэр үед бид хүүхдүүдийн толгойн бөөс хуурсыг хүртэл түүж цэвэрлэж өгдөг байсан. Гэрт нь очиж зад угаагч гэж цэвэрлэдэг байсан. Гэрээсээ гүйчихсэн хүүхдүүдийг хайраар уях ухааныг ээж аавуудтай нь хамтарч хийдэг байсан. Энэ мэт чимхлүүр ажлыг бид хийдэг байсан. Одоо бол харин нийгмийн ажилтнууд бидний үе шиг шаталсан ажлууд нэг их хийхгүй байх шиг харагддаг.
-Таны үед хамгийн шилдэг хүүхдүүд багш болдог байсан гэж сонссон. Энэ үнэн үү. Одоо үеийн багш нарын чадварыг ахмад үе голох болж. Энэ юутай холбоотой юм бол. Цалин хангамж муутайгаас уу. Үүнтэй та санал нийлэх үү?
-Бидний үед хамгийн толгой сайтай, хамгийн сурлага сайтай шилдэг хүүхдүүд багшийн хуваарь дээр өрсөлдөөд явдаг байсан. Тэр үед багшийн нэр хүнд маш өндөр байсан. Бага ангийн багш гэдэг бол хамгийн чухал, хамгийн сайн чадвартай хүмүүс байлаа. Одоо өөр болж. Өнөө нийгэмд хамгийн дургуй хоосон үлдэж байхаар гэж авдаг мэргэжил бол багш болж хувирсан байна. Мундаг асуудлыг сийрэг ухаанаар шийдэж чаддаг, өндөр чадвартай хүүхдүүд өөр мэргэжил эзэмшиж байна. Өөрийнхөө амьдралын туршлагаас харахад багш нарын хангамж маш өндөр, цалин өндөр байх хэрэгтэй гэж. Монгол Улсад хамгийн зөв хүн бол багш байх ёстой. Хүүхдүүд мэргэжил сонгоход л багш нар луу тэмүүлдэг болгох менежментийг манай улс гаргаж өгөх хэрэгтэй. Харин Цогзолмаа сайд овоо багш нар луу хандсан, бидний мэддэг асуудлыг гаргаж ирж байгаад би багш хүний хувьд баяртай байгаа.
Хүн мөнгөтэй сайхан амьдрахын төлөө зорилго тавьсан нэг хүүхдээ ах дүүгээ аваад яваг гээд зүтгүүлдэг. Гэтэл бидний бас нэг алдаа нь хүн болох зөв замыг нь төлөвшүүлэх ажлыг орхин удирдах ажилтны төлөө зүтгүүлэх болж. Монгол Улсын хөгжлийн цөм нь боловсролын салбар. Түүн дотроо багш нарыг бэлтгэх бодлого маш чухал. Багш болох сургалтыг улсаас хариуцаж, стипенттэй болгох ёстой. Төгсөөд шаталсан цалин өндөр байх. Хүнтэй ажилладаг хүнийг маш зөв хүнээр тавих хэрэгтэй. 90-ээд онд зах зээлд орж байх үед 10 гаруй анги зэрэг цонхолж байлаа. Яагаад, цалин бага учраас. Хувийн хэвшлийн том компанийн захирлын хүүхдүүд багш нараасаа илүү хувцас хэрэглэл өмсөж, зүүгээд ирэхээр багш нь уруулаа будах будаггүй л сууж байсан ш дээ. Цалин нь хүрэхгүй. Тэр үед багш нар өөрийн эрхгүй амьдралаа хөөгөөд хичээлээ хаяад Хиагт руу наймаа хийхээр гарч байсан.
-Тэгэхээр эмэгтэй хүний хатан ухаан их жижиг зүйлээс эхэлдэг гэдгийг та хэллээ. Тэгвэл эмэгтэй хүний хамгийн нандин чанар юугаар илэрч гарах вэ?
-Эмэгтэй хүний хамгийн чухал чанар бол уучилж, өршөөж амьдрах. Хамгийн том алдаа эрэгтэй хүнээс гардаг. Амьдрал дээр эрэгтэй хүн алддаг. Эрэгтэй хүн өөрийн мөн чанараараа сайхан эмэгтэйг хараад ямар нэгэн илүү хандлага гаргаад эхнэрийнхээ сэтгэлд юм хийх байдал үүсгэдэг. Гэвч цаанаа тэр хүн ноён нуруутай, амьдралаа авч явдаг. Гэтэл эмэгтэй хүнээс хамаг хор нь гардаг. Хардаж, сэрдэх, харамлах зэргээр элдвээр бөмбөгдөөд эр нөхрөө дургуй ч бай, дуртай ч бай нөхрөө цаашлуулах ажлыг өөрөө хийдэг. Олон жил хамтдаа сайхан амьдарч яваа хүмүүсийн туршлагаас харахад ухаан зарсан эмэгтэй хүнтэй гэр бүл сайхан явдаг юм байна. Түүнээс биш тэд сайхандаа, алдаагүй яваадаа ингэж олон жил амьдраад яваа юм биш шүү дээ. Ямар ч гэр бүл дотор ямар нэгэн асуудал гарч л байдаг. Тэгэхээр чи залуу насандаа хайраа өгвөл хариугаа хөгшрөөд ирэхээрээ ханиасаа авах л болно. Ухаалгаар хэн хэндээ буулт хийж, гэр бүлийн хөгжлөө, улс орны хөгжлөө бодож явах хэрэгтэй. Намууд дотор ч ялсан ялагдсан гэдэг утгаар ийм үзэгдэл байдаг. Зөв юм хийж байгаа нэгийгээ буруу мэтээр тайлбарлаад байх хэцүү. Эв эеээ хичээж, бие биенээ хайрлаж, хүндэлж байх хэрэгтэй л дээ.
-Та насаараа хүнийг удирдан чиглүүлэх, байгууллага хамт олныг удирдах албан тушаалд ажилласан хүн. Удирдлага хүний хамгийн нандин чанар юу вэ?
-Удирдлага хүний нэг нандин чадвар бол зөв, ухаалгаар зангидаж өгч чаддаг байх. Ааштай ч бай, зөөлөн бай хүмүүсийг эвлэлдэн нэгдүүлж чаддагт удирдагч хүний мэргэн ухаан оршино. Үүний цаана ажил нь гоё болж чаддаг. Би Монголын эмэгтэйчүүдийн холбооны аймгийн тэргүүлэгчээр олон жил ажилласан. Харин НАМЭХ-ны даргаар 11 жил ажилласан. Тулж сэтгэлээсээ хандахаар хүн үгэнд ордог. Юм чинь жижиг л зүйлээс эхэлдэг. Хүн бодохдоо их томоор харж боддог. Дарга хүн өөрийн дор ажилладаг хүмүүсээ хүндэтгэж, тэгш харьцаж байвал эргээд чамд нөлөөлнө. Нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн лидэр удирдагч гардаггүйн учир нь нөгөө дарга суудалдаа итгээд бусдад сэтгэлээсээ хандахгүй, даргархаад явдагт л байгаа юм. Ийм ийм нарийн юм чинь л нөгөө хатан ухаанд орж байгаа юм. Мөн бусдыг өөрөөсөө дээш гаргаж хүндэлж чаддагт хамаг учир байгаа юм. Ингэж чадаж гэмээнэ өөрийн эрхгүй том жижиггүй бусдыг хүндлээд явдаг юм байна.
Монголчуудын юу тарина тарьсан үрээ авна гэдэг бол гэр бүл дээр харагддаг. Бусдыг доромжилж даналзаад явсан бол өтлөхөөрөө өөрөө тэдэндээ хариу аваад л явна. Хүүхдээ багад нь өөрөө даналзаад явсан бол хүүүхэд нь ч адил нийгэм ч адил тийм л хүмүүсээр үржигдэнэ. Хүний сэтгэхүйг өөрчлөхөд амьдрал ямар гоё болж байна гээч. Дарга хүн гэдэг бол дарга л байдаг юм байна. Хүнд хэрэггүй юм шиг юм чинь хүнд хэрэгтэй л байдаг юм билээ. Цагийн юм цагтаа өнгө өнгөөрөө намирдаг.
-Таны удирдаж байгаа НАМЭХ-ны Сэлэнгэ салбар их ажлын гард гарах шиг боллоо. Саяхан болж өнгөрсөн олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж их ажил амжуулав уу. Хийсэн ажлуудаасаа сонирхуулаач?
Бид “дархан бэр”-ийг аймгийнхаа брэнд ажил болгох эхлэлийг тавьсан. Сум бүрээс шалгарсан 75 сайхан ээжийг сонгон аваад өргөмжлөл олголоо. Энд 3-аас дээш дараалан хүү төрүүлсэн ээжүүдийг хамгийн өндөр настайгаас нь шилж авсан. Эдгээр ээжүүд маань нийгэмдээ хийсэн ажилтай, үр хүүхдүүд нь зөв амьдарч яваа ийм сайхан ээжүүд байсан. Намайг Удирдлагын академид өдрөөр сурахаар ороход манай нэг багш эхний өдрийн хичээл дээр “за та нарын дунд 3 хүү дараалан төрүүлсэн ээж хүн байна уу, гэж асуусан. Гэтэл манай ангид нэг эмэгтэй байсан. Багш маань тэр бүсгүйг “за би чамаас шалгалт авахгүй. Бүгдэд нь онц тавина. Харин чи хичээлдээ сайн сурч, лекцээ бүрэн хөтлөөрэй гэж хэлсэн. Ингэж бид монгол ёс заншлаараа дархан бэрийг хэрхэн хүндэлж ирсэний нэг тод жишээ бол энэ. Тэгж хүндлүүлж, дээдлүүлсэн дархан бэр чинь гэр бүлдээ хүндлүүлнэ ш дээ. Тэр хадам, нөхөр гээд хүмүүс чинь манай гэрт хүндлэх ёстой хүн байгаа юм байна шүү гэж ойлгоно. Бид үйл ажиллагаагаа ямарч үнэ төлбөргүй зохион байгуулсан. Харин хадам талыг нь хүндэтгэл үзүүлээрэй гэж хэлсэн. Манай холбоо ирэх 6-р сарын нэгэнд одонтой ээжүүдийн дунд хүүхдүүдээ үнэхээр зөв хүмүүжүүлсэн, бусдыг хайрладаг боловсролтой болгон хүмүүжүүлсэн ээж шиг ээжийг тодруулна. Олон одонтой ээж байгаа. Түүн дотроо шилдэгийг нь тодруулж манлай ээж болгоно. Мөн гэр бүлийн өдрөөр манлай аавыг өргөмжлөн тодруулна. Жинхэнэ аав хүн шиг үлгэр жишээ, гэр бүлдээ нөлөөтэй, аавын нөмөртэй. Улс орондоо аавын үүрэгтэй ийм аавуудыг сонгон авна. Бид эдгээр ажлуудаа брэнд болгох болноо. Тэгээд бас уламжлалт гоо охин, сайхан бүсгүйгээ шалгаруулах үйл ажиллагаагаа тэмдэглэлт өдрүүдэд явуулна. 
-Гоо охин, сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн их сөрөг зүйлтэй тулгардаг. Хэл ам ч их гардаг юм шиг байсан. Эцсийн дүнд энэ шоуны үр өгөөж, нийгэмд буюу гэр бүлд хэрхэн нөлөөх бол. Зарим хүмүүс биеэ үнэлэгч бэлтгэж байна гэж үздэг?
-Энэ үйл ажиллагаанууд гэр бүл доторх хүндлэл, эв нэгдлийн бас нэгэн бэлэгдэл болж байгаа юм. Цаанаас гарч ирж байгаа ухаан оюунлаг байдлыг харж дүгнэдэг. Гоё хүүхэн гэдэг чинь юм бүхэн нь төгс байж цогцолдог. Зарим нь гоё хүүхэн л байвал болох юм шиг байдаг. Дотроосоо гэрэлтэнэ гэдэг чинь хүний хандлага зөв байхын илрэл. Гоё талаа бодоод байх биш, давхар дотроосоо ухааны цар хүрээгээр нь сайхан бүсгүйг тодруулдаг. Гадна үзэмжийг хараад байр эзлүүлэх юм бол алдаа. Өөрийгөө зөв авч явдаг, сайхан үзэсгэлэнтэй, хамгийн чухал нь оюунлаг ухаантай байж монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж чадна. Энэ сайхан бүсгүйчүүд маань цаашид улс орноо төлөөлөөд хүмүүнлэгийн үйлсэд оролцох болно. Улс орны нүүр царай хатадын ухаанаас хамаардаг. Иймээс төгс сайхан бүсгүйчүүд, ухаалаг сайхан охид маань монголоо чимнэ шүү дээ. Гэр бүл, удам дотроо төгс сайхан бүсгүй байна гэдэг тэр гэр бүлийн бас нэгэн ололт. Мөн сайхан охинтой айл шүү гэж хүмүүс ярьдаг биз дээ.
-Та ямарч үед их сайхан харагдах юм. Хувцас хунараа зөв тохируулж өмссөн, бусдаас ялгарч харагдах юм. Таны хувьд хувцас гэж чухам . . . .?
-Хувцаслалт бол имиж байх ёстой. Тэр хүнийг илэрхийлэгч, бусдад өөрийгөө таниулагч гол зүйл. Өөрөөр хэлбэл хувцсаараа та бусдыг хүндэлж байна гэсэн үг. Өөрөө өгөөмөр, хүний төлөө сэтгэлтэй хүнийг бурхан харж, бүх юмаар нь зохицуулж өгдөг. Сэтгэл сайхан байхад бүхнийг чимнэ. Бүхнийг бүтээнэ.
-Маш сайхан нээлттэй ярилцсан танд баярлалаа.
Ч.Отгоннцэцэг
相关新闻