Хорио цээрийн дэглэм зөрчигчдөд 3,4 сая төгрөгийн торгууль тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-03-18 20:41:30
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний улмаас өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хорио цээрийн дэглэм тогтоосон юм. Хорио цээрийн дэглэм зөрчсөн нийт 18 хэрэг гарснаас, 83,3 хувийг шийдвэрлэж, таван хэргийг шалгаж байна. Хууль зөрчсөн 15 иргэн, нэг аж ахуйн нэгжид 3,4 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.
Мал, амьтны гоц халдварт өвчний гарсан шалтгаан, тархсан нөхцлийн талаар тодруулахад;
-Цагдаагийн байгууллага хорио цээрийн нөхцөлд хөдөлгөөн хязгаарлах, хэв журам сахиулах үүрэг гүйцэтгэж байна. Тагнуулын байгууллагатай хамтраад таван албан хаагч томилж, хүн, мал, амьтны маршрут хөдөлгөөн гэсэн чиглэлээр ажиллаж байгаа. Шүлхий өвчин гарсан шалтгааныг одоогоор хэлэх арай эрт байна гэж аймгийн цагдаагийн газрын дарга, хурандаа З.Гомбо мэдэгдлээ.
Булган суманд нийт 45 байгууллагын 267 ажилтан, алба хаагч хорио цээрийн дэглэм мөрдүүлэх зорилгоор эргүүл, жижүүрийн үүрэг гүйцэтгэж иргэдэд зөвлөгөө өгч, дэлгүүр, худалдаа үйлчилгээний газарт мөрдөгдөж байгаа журам, зөвшөөрлийг шалгаж, зөвшөөрөлгүй явсан тээврийн хэрэгслийн 86 зөрчлийг илрүүлэн Цагдаагийн газрын жижүүрт мэдэгдэж шийдвэрлүүлсэн байна.
М.Батжаргал
相关新闻