Дэлхийд цэцэглэж байгаа бизнесийн гол түүхий эд жорлон дотор байдаг байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-03-15 03:34:28
“Жорлонгоо өөрчилье”
Дэлхийд цэцэглэж байгаа бизнесийн гол түүхий эд жорлон дотор байдаг байна
Хог хаягдлын бизнес дэлхийд ноёрхож эхэлжээ. Энэ бол өтгөн лагийн бизнес юм. Химийн бордоонд хордож, үржил шимгүй болсон хөрсийг дахин сэргээх, хөрсжүүлэх, хортой хог хаягдлыг саармагжуулахад энэ өтгөн лаг онцгой ач холбогдолтой юм байна. Түүгээр зогсохгүй өтгөн лагаар цахилгаан станц байгуулжээ. Бидний урд хөрш БНХАУ үүгээр станц байгуулж утаанаасаа салсан туршлага байгаа аж. Сүүлийн үед хөгжилтэй орнууд нүүрсэн станцаас аль хэдий нь татгалзаж эхэлсэн байна. Энэ станцын гол түүхий эд нь жорлонгоос гарч буй лаг аж. Бидний түгээмэл хэрэглэдэг гүнзгий жорлон нь бактер үржиж, хадгалагдах, өвчин үүсэх гол эх үүсвэр болдог байна. Иймээс энэ жорлонг хэрэглэж байгаа хүмүүс насаараа нэг өвчнөөр үе удмаараа өвчилдөг аж. Ийм жорлонг хэзээч цэвэрлэдэггүй учир халдварт өвчин үүсэх нөхцөлийг бүрдүүлж өгдөг байна. Иймээс  “Жорлонгоо өөрчилье” төслийг хэрэгжүүлэгчид аймаг бүрт сургалт зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр 21 дэх сургалтаа Сэлэнгэ аймагт ийнхүү хийлээ. Жорлонгийн хувьсгалд нэгдэн орох нэг том шалтгаан нь хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой юм.
Жорлон муутай газрын хүүхдүүд гэдэсний халдварт өвчинд өртөх нь элбэг бөгөөд нас барах эрсдэл өндөр байдаг байна. Иймээс гэдэсний халдвараас бүрэн сэргийлэхийн тулд хүн амыг сайжруулсан жорлонгоор хангах нь улсын бодлого, орон нутгийн шийдэл, нийгмийн төлөөх их үйлс байх ёстой аж. Жорлон нь ялгадсаа дүүрэхээр бөглөөд хаях нүх биш, харин байнга эргэлтэнд орж байх ёстой материал үйлдвэрлэгч гэдгийг “Жорлонгоо өөрчилье” номын зохиогч Ц.Оюунгэрэл олж харжээ. Бидний хувьд “идлээ, гаргалаа, хаялаа” гээд болчихдог ялгадас маань “хаясны дараа яах вэ?” гэдэг асуудлын тойрогт орохдоо “биологийн нөөц” болдог байна. Жорлонгийн зөвлөлийнхөн судалгаа хийж үзээд дэлхий дээр ашиглагдаагүй хамгийн том нөөцийн нэг бол жорлон дотор байна хэмээн дүгнэжээ. Иймээс жорлонгоо өөрчилснөөр ариун цэврийн хувьсгал хийгээд зогсохгүй дэлхийд цэцэглэж байгаа шинэ бизнестэй хөл нийлүүлэн алхах боломжийг нээн өгч байгаа ажээ.     
Сэлэнгэ аймаг аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой нутаг. Тухайлбал “Амарбаясгалант” хийдэд зохион байгуулагддаг “Бумбаны баяр”-ын үеэр жорлонгийн асуудал нэлээд хүнд байдаг тухай энд дурдсан. Иймээс энд хэн нэгэн бизнес эрхлэгч, аялал жуулчлалын компаниудаас зөөврийн ваакум автожорлонг шийдвэрлээд аваачаад үйлчлэхэд л жорлонгийн асуудал шийдвэрлэгдэхээс гадна, бас бизнесийн нэгэн санаа гэдгийг онцолж байлаа. Энэ жишээнээс харж байхад  зориод ирсэн жуулчдад үйлчилж буй аялал жуулчлалын баазууд жорлонгийн асуудлаас болж зочдоо алддаг том асуудал байгаа юм.
Жорлон бол биологийн цэвэрлэгээг хийдэг цэвэрлэх байгууламж байх ёстой аж
“Жорлонгоо өөрчилье” төслийхний Сэлэнгэ аймагт болсон сургалтанд тус аймгийн 17 сумын төлөөлөл 60 гаруй иргэн оролцлоо. Харин энэхүү сургалтанд шийдвэр гаргах түвшний, нөлөө бүхий удирлагууд үзэгдсэнгүй. Сэлэнгэ аймгийн хувьд газар тариалангийн бүс нутаг, дэд бүтэц хөгжсөн, хилийн бүс гэдгээрээ төслийнхөний анхаарлыг татаж байлаа. Энэ удаагийн сургалтыг Боловсролын ухааны доктор Б.Насанбаяр удирдан чиглүүллээ. Хамгийн гол нь бүх хүн нэг зорилго, хүслээр хандвал жорлонгоо өөрчилж чадна хэмээн сургалтыг чиглүүлэгч  онцолсон юм. Жорлонгоо өөрчилсөнөөр хөрсний бохирдлыг бууруулах бөгөөд үүнийг хэн нэгэн хүн ганцаараа хийснээр хөрсний бохирдол хэзээ ч арилахгүй гэдгийг тэрээр онцолсон.
Дундговийн Гурвансайхан сумын жорлонгоо шийдсэн туршлага

Сургалтад “Сумаа шинэчилье” хөтөлбөр нэмэгдсэн нь илүү сонирхолтой бодиттой зүйл болсон байлаа. Энэ хөтөлбөрийг Дундговь аймгийн Гурвансайхан суманд амжилттай хэрэгжүүлсэн талаар “Сумаа шинэчилье” багийн гишүүн, Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутгийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн Э.Загдсүрэн ярилаа. Тэрээр:”Иргэд нэгдэж чадвал сумаа хэрхэн өөрчилж болохыг манай жишээнээс харж болно. Бид энэ өөрчлөлтийг хийхдээ гурван сарын хугацаа зарцуулсан. Энэ бол эвлэлдэн нэгдсэний үр дүн. Манай сум өнөөдөр  улсдаа жишиг сум болоод явж байна. Яг энэ жорлон өөрчлөх төсөл ажилтай холбоотой үндсэн жижиг, дунд, том гэсэн жорлон байдаг. Бид том жорлонгоо үндсэндээ шийдсэн. Нийт 50м3 цэвэрлэх байгууламжтай болж түүгээрээ төвийнхөө бүх сургууль, цэцэрлэг, төсвийн байгууллагууд, дэлгүүр гэх мэттэй холбосон. Энэ жилээс бүх айлууддаа цэвэр, бохир, дулааны шугам татахаар төлөвлөөд улсын төсөвт хөрөнгийг нь суулгаад тендерээ зарлаад байна. Санхүүгийн хувьд нийт 4.3 орчим тэрбум төгрөг босгож ажлаа хийсэн. Үүнд улсын төсвөөс 400 сая орчим төгрөг орсон. Үлдсэн мөнгийг донор, хандивлагч, иргэд өөрсдөө босгосон” хэмээлээ.
Хамгийн сайн өөрчлөлт иргэний оролцоотой хийгддэг юм байна

Сэлэнгэ аймагт үргэлжилсэн “Жорлонгоо өөрчилье” 21 дахь удаагийн сургалтын багийнхан Сэлэнгийн тариаланч ажилсаг иргэд хөрсийг арай илүүгээр ойлгодог нь сургалтаас харагдаж байна хэмээн үнэлсэн. Бас залуу хүмүүс энэ бизнес рүү орж амжилтанд хүрч байгаа юм байна. Жорлон гэдэг улс төр, нийгэм, эрүүл мэндийн том асуудал. Бас хөндөгдөөгүй шинэ бизнесийн талбар юм байна. Төслийн санаачлагч Ц.Оюунгэрэл:”-Бид нар иргэдэд жорлонгийн тухай наад захын мэдлэгийг нарийн технологи, шинжлэх ухааны эдийн засгийн үндэслэлтэй нь өгөх зорилготой явж байгаа. Түүнийг олуулаа бүгдээрээ хэрэгжүүлье гэхэд ямар зохион байгуулалт хэрэгтэй байдаг юм. Мөнгө санхүүгээ яаж босгодог юм. Хууль эрх зүйн ямар орчинг ашигладаг, ямар тэргүүн туршлагууд байдгийг зааж байна. Ус ихтэй газрууд жорлонгоо нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой. Учир нь гэвэл жорлонгоос болж ус хамгийн их бохирддог. Иймээс нөөц сайтай усны сав газар жорлонгоо нэн тэргүүнд хийх шаардлагатай. Монгол орон даяр усны хомдол байгаа учраас байгаа усаа цэврээр нь авч үлдэхийн тулд эхний ээлжинд энд тэндгүй жорлонгоо өөрчлөх шаардлагатай байгаа. Нөгөө нэг шалтгааан нь эрүүл мэнд. Олон өвчний эх үүсвэр жорлонгоос болж гарч ирдэг. Хамгийн их хохирдог хүмүүс хүүхдүүд байдаг. Хүүхдийн бие органим түүнээс гарч ирж байгаа гэдэсний халдварыг даадаггүй үхэлд хүргэдэг. Иймээс хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө жорлонгоо өөрчлөх шаарлага гарч ирж байна. Мөн нөгөө асуудал нь ядуурлаас гарах бизнес юм. Хаана жорлонгоо өөрчилсөн байна тэр газарт бизнес цэцэглэж ирдэг. Хаана жорлонгоо өөрчилж чадаж байна, хаана жорлонгийн шийдлүүд зөв гарч ирж байна тэнд бизнес хөгжөөд ирдэг. Энэ асуудлыг дэлхий нийтээр ярьж байна. Дэлхий нийтээр жорлонгоо өөрчлөх хөдөлгөөний нэг хэсэгт манай монгол хоцорч болохгүй. НҮБ-аас 2030 онд гэхэд дэлхий даяар жорлонгоо өөрчлөх ёстой гэсэн зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд бид хүлээхгүйгээр 2020 гэхэд жорлонгоо өөрчилсөн улс болох шаардлагатай. Энэ жорлонг төр засаг захиргааны аргаар өөрчилж чаддаггүй юм байна. Үүнийг олон жилийн туршлагаас бид харсан. Хамгийн сайн өөрчлөлт иргэний оролцоотой хийгддэг юм байна. Иргэд мэдээлэл сайтай, ойлгож байж жинхэнэ утгаар явагдах юм байна гэж үзээд иргэдийг соён гэгээрүүлэх ажилд энэ төслөө зориулаад явж байна” гэлээ.

Сүхбаатар сумын иргэн Т.Доржсүрэн:”- "Нутгийн шийдэл сан" -ийн тэргүүн, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн санаачлагаар улс даяар зохион байгуулж байгаа "Жорлонгоо өөрчилье" орон нутгийн сургагч бэлтгэх энэхүү сургалт орон сууц, гэр хороололд амьдардаг, аялал жуулчлал эрхэлдэг, ер нь бол өтгөн, шингэн ялгаруулдаг хэн бүхэнд хамаатай маш чухал сургалт боллоо. Дэлхий даяар хүний ялгадсыг хөрс сайжруулах бүтээгдэхүүн болгох, газ үйлдвэрлэх гээд олон хүчин зүйлээр эрчимтэй ашиглаж байгаа энэ үед анхааралдаа авах зүйлийн нэг юм. Үүний хамгийн том жишээ урд хөрш БНХАУ болж байгааг онцолсон. Бид баас, шээс гэж ярьдаг ч энэ маань эргээд эх дэлхийд маш чухал бүтээгдэхүүн болж, шинэ бизнесийн орчин бүрдүүлж байгаа нь онцлог юм байна”.

Аймгийн ХАҮТ-ийн менежер, орон нутгийн зохион байгуулагч Б.Ундрах:”Миний хувьд сургагч багшийн сургалтанд хамрагдсан. Өнөөдөр сумдаас сургалтанд хамрагдаж байгаа иргэдийн адил, бид нэг түвшинд мэдээлэлтэй байгаа. Гэхдээ сум орон нутгийн түвшинд үүнийг хариуцаад яваач гэсэн хүсэлтийн дагуу орон нутгийн зөвлөхөөр ажиллаж байна. Миний хувьд ХАҮТ, “Сэлэнгэ нутгийн залуус” ТББ-аараа дамжуулаад энэ хүмүүсийн санаачлаад явж байгаа ажлыг цааш нь түгээн дэлгэрүүлэх, иргэдийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, идэвхижүүлэх санаа бодолтой байгаа. Иргэд өөрсдөө энэ талаар мэдлэг мэдээлэлтэй болсноор үүнийг өөрчлөх зайлшгүй шаардлагатай юм байна гэдэг асуудал сэтгэхүйд нь сууж өгнө. Ингэснээр мэдээж тухайн сум орон нутгийн хөгжил, халдварт гэдэсний өвчин үүнийг дагаад буурах боломжтой. Одоо энэ сургалтын дараа сумдад идэвхижүүлэх аян явагдана. Улсын түвшинд бол энэ сангийнхан болзолт уралдаан зарлаж байгаа. Энэ нь ирэх 11 сард үр дүнгээ дүгнэх юм билээ. Иймээс иргэд идэвхитэй оролцох байх. Өөрсдөө эрүүл, аюулгүй орчинд бие засдаг болох, мөн халдварт өвчний гаралтыг бууруулах, тал дээр нэлээд мэдээлэлтэй болоод ирэхээр өөрсдөө үүнийхээ эсрэг тэмцэж эхлэх байх гэж бодож байна. Энэ талаар хөрөнгө шийдвэрлүүлэх асуудлаар ИТХ, аймгийн Засаг даргын эрхэнд тодорхой хуульд заасан эрх байдаг. Энэ тал дээр аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгч, засаг дарга, хурлын дарга нартайгаа хамтарч ажиллана гэж бодож байна. Бүгдийг чадахгүй ч тодорхой хэмжээнд өөрчлөх бодолтой байгаа. Ер нь жорлонгийн хамгийн дэвшилтэт технологи аль байх уу, хөдөө орон нутаг, зам харилцаа, дэд бүтцээсээ шалтгаалаад цэвэрлэх станцгүй бол бохир соруулах ямарч үндэслэлгүй болж байгаа. Иргэд түүнийгээ хэрхэн яаж цэвэрлэх үү, тийм болохоор тухайн сум орон нутгийн хөгжлийн түвшинд тохируулаад жорлонгийн стандартыг нь баталдаг байх. Дэд бүтэц хөгжсөнд нь соруулдаг, хөгжөөгүйд нь хар шороон хөрс болгох гэх мэт технологид нь тулгуурлаж хийвэл зүгээр юм байна гэсэн бодол төрсөн” гэв. 
Түшиг сумын Жаргалмандах 1-р багийн Засаг дарга Ц.Баттулга:”-Өнөөдрийн сургалт иргэдэд маш  өгөөжтэй сургалт болж байна. Манай баг 287 өрхтэй. Айл өрх бүр хашаандаа 00-той, 00 нь хөрсний устайгаа ойр, худагтайгаа ойрхон байдаг. Иймээс энэ шийдлийг баг орон нутагтаа хэрэгжүүлбэл маш зүйтэй юм байна гэдгийг би энэ сургалтаас ойлгож авлаа. Би очоод иргэддээ энэ сургалтаа хийнэ. Жорлонгоо шинэчлэхийн тулд иргэдтэйгээ хамтарч байгаад бас нэг бүлэг зохион байгуулалтанд оруулж байгаад нэгдсэн загвар гаргаад хийхгүй бол яг айл айлд энэ шийдлийн дагуу хий гэх юм бол бас чадахгүй юм байна. Орон нутгийнхаа түвшинд сумын ИТХ-тайгаа ярьж байгаад засаг даргатайгаа ярилцаж гаргалгааг нь шийднэ” хэмээн ярилаа.
Аливаа улс орны улстөрчид нь жорлонгийнхоо асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй бол асуудал шийдэгдэхгүй гэнэ.  Жорлон бол хүний эрүүл мэнд, амьд явах эрхийн асуудал, байгаль орчин, боловсролын асуудал ажээ. Түүгээр зогсохгүй хүний эрхэмсэг амьдрах эрхийн асуудал юм. Хүний эрхэмсэг амьдрах асуудлыг шийдсэнээр маш олон асуудлыг шийдэж чаддаг байна. Жишээлбэл, Энэтхэг жорлон барих мөнгөгүй байж. Жорлондоо мөнгөө зарцуулахгүй мөртлөө гэдэсний халдварт маш их мөнгө зарцуулж байж. Ингээд гэдэсний халдварт өвчнөөр өвдсөн хүмүүстээ зарцуулсан мөнгийг тооцож үзсэн чинь асар их тоо гарсан байна. Ингээд үүнд зарцуулж байсан мөнгийг жорлонд зарцуулъя гэж шийдээд гэдэсний халдварыг 50 хувиар бууруулж чадсан туршлагыг энд дурьдсан.
Нутгийн шийдэл сангаас хэрэгжүүлж буй “Цэвэрч Монгол” төслийн багийнхан жорлонгоо өөрчлөх санаачилгыг олон нийт, албан тушаалтанд уриалж, иргэд хэрхэн бага төсвөөр жорлонгоо өөрчилж эрүүл, тав тухтай орчинд амьдрах боломж байгааг сургалтаараа дамжуулан өглөө.
Ч.Отгонцэцэг
相关新闻