Хяналтын постонд ажиллаж буй алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-03-13 14:02:25
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан хорио цээрийн хяналтын 19 постонд ажиллаж байгаа алба хаагчдыг эрүүл мэндийн явуулын үзлэгт хамруулжээ. Тэднээс цусны даралт ихэссэн 6, хоолой өвдсөн 3, харшлын гаралтай ханиад хүрсэн 1 хүнд анхан шатны тусламж үйлчилгээг хүргэсэн байна.
Цаашид алба хаагчдын эрүүл мэндийг байнгын хяналтанд байлгах, голомтын бүсэд байгаа иргэдэд эмнэлгийн үйлчилгээг хүргэх алба томилогдон ажиллаж байна. Хяналтын постуудад гэрэлтүүлгийг нэмэх, ариутгагч бодисыг хөлдөөхгүй байх, тэмдэг тэмдэглэгээг байршуулах шаардлага тулгарч байгааг удирдлагуудад дуулган шийдвэрлэж өгөхийг хүслээ.
Ариутган халдваргүйжүүлэх бодисын хангамж хангалттай байгаа ба өдөрт 30-аас дээш тээврийн хэрэгслийг ариутган нэвтрүүлж байна. Мөн постонд ажиллаж буй алба хаагчдад иргэд сайн дураар тусалж, халуун цай хоол хүргүүлж байгаа аж.
Тус сумын тухайд 11900 гаруй малыг бүрэн вакцинжуулаад байна. Вакцинжуулалтын дараа нууц хэлбэрт байсан өвчин илрэх эсвэл өвчлөөд эдгэрч байсан малын өвчин эргээд сэдрэх хандлага байдаг учраас шинээр дуудлага ирэхийг үгүйсгэхгүй хэмээн холбогдох албаныхан хэлж байгаа юм.
Б.Батчимэг
相关新闻