“Соёл урлаг- Бидний үнэ цэнэ” зөвлөлгөөн болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-03-13 09:59:09
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт  “Соёл урлаг- Бидний үнэ цэнэ” зөвлөлгөөн болж байна.  
Тус аймгийн соёл урлагийн ажилтны дээрх нэгдсэн зөвлөлгөөнд сумдын соёлын ажилтнууд болон холбогдох албаны хүмүүс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн мэргэжилтэн Б.Нацагням, аймгийн Засаг дарга Н.Наранбаатар нар оролцож байна. 
Өнгөрсөн онд болсон Монгол Улсын соёл урлагийн II чуулганаар цаашид төрөөс соёл урлагийн газарт ямар бодлого баримтлах ёстой,  соёлын байгууллагын бүтэц орон тоо, соёлын ажилтаны нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстой, аймаг орон нутгийн удирдлагууд соёлын бодлогыг ямар хэмжээнд хэрэгжүүлэх ёстой талаар шийдвэр гарсны дагуу энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн засаг даргын ивээл дор дээрх зөвлөлгөөнийг зохион байгуулж байгаа юм. Өнөөдөр өндөрлөх уг зөвлөлгөөнд 15 сумын 110 гаруй төлөөлөгчид оролцож байна. Зөвлөлгөөнөөр Өмнөговь аймгийн соёлын салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцэж байна. Өнгөрсөн онд сумдын Соёлын төвд 100 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн бол номын сангуудыг баяжуулахад 50 сая төгрөг, соёлын үл хөдлөх дурсгалыг хадгалах хамгаалах ажилчин тус бүрт гэрэл зургийн аппаратыг шийдэж өгсөн байна. Тус аймаг нь 2018 оныг их бүтээн байгуулалтын жил болгон зарласантай холбогдуулан Музей, Хөгжимт жүжгийн театрын барилгыг энэ ондоо барьж ашиглалтад оруулах, улсын болон орон нутгийн төсвөөр Цогт-Овоо, Цогтцэций, Хүрмэн сумын соёлын төвүүдэд их засварын ажлыг хийхээс гадна соёл урлагийн салбарын сургалт зөвлөлгөөн, гадаад харилцааг өргөжүүлэх, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах зэрэг чухал ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Мөн орон нутгийн төсвөөр Номгон сумын Соёл спортын цогцолборын барилгыг энэ онд ашиглалтанд оруулах юм байна. Энэ жилийн хувьд тус салбарт 113,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж байгаа юм байна. 
Д.Мишигсүрэн
相关新闻