Улсын аварга шалгаруулах боксын тэмцээн болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-03-09 23:12:08
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Энэ сарын 7-ны өдөр албан ёсоор нээлтээ хийсэн Ази тивийн хошой аварга, Монголын боксын спортын ууган гавьяат тамирчин Х.Алтанхуягийн нэрэмжит залуучуудын Улсын аварга шалгаруулах боксын тэмцээн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо гурав дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна.
Тус тэмцээнд 27 газрын баг тамирчид хүч сорин өрсөлдөж байна. Тэмцээнийг Олон Улсын хэмжээний мастер, Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, Олон Улсын Боксын холбооны хоёр одтой шүүгч н.Атарбаяр, н.Мандахбаяр, н.Батдэлгэр, Монголын Боксын холбооны гурван одтой шүүгч н.Аюур, н.Ганхуяг, н.Бүдрагчаа, н.Отгонбаатар, н.Одсүрэн, н.Содгэрэл, Монголын Боксын холбооны нэг одтой шүүгч н.Баттүвшин, н.Чинзориг, н.Чинболд, н.Отгон-Эрдэнэ, н.Төгсбаяр, Азийн Боксын хобооны эмч, шүүгч н.Отгонжаргал нар шүүн явуулж байна. Өнөөдрийн байдлаар тэмцээний урьдчилсан тоглолтууд явагдаж байгаа бөгөөд хагас шигшээ тоглолт ирэх бямба гарагт, харин шигшээ тоглолт нь ирэх ням гаргуудад болох юм.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр тамирчдыг төлөөлж Сэлэнгэ аймгийн “Улаан ирвэс” боксын клубын тамирчин О.Есүгэн, шүүгчдийг төлөөлж Олон улсын Боксын холбооны хоёр одтой шүүгч Мандахбаяр нар тангараг өргөсөн юм.
Ч.Отгонцэцэг
相关新闻