Эмч, эмнэлгийн ажилчдын багийнханд сумын иргэд талархлаа илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-03-09 23:09:33
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог Орхон суманд ажиллаж “Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг, сумын эрүүл мэндийн мэдээллийн цахим санг бүрдүүлэх цогц үзлэг оношлогоо”-ны нээлтийг тус суманд хийж, ард иргэдтэй уулзан санал бодлыг нь сонслоо. 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй эмч, эмнэлгийн ажилчдын баг орон нутаг нь ирж 3 хоногийн турш үйлчлэх болсонд талархалтай байлаа.
Орхончуудын хувьд соёлын төвийн засвар, төмс хүнсний ногооны борлуулалт, сумын эргэлтийн эмийн сангийн хангамж, эмч эмнэлгийн ажиллагсадыг чадавхижуулах, түлээний хэрэглээний модны гоожин, газар олголтын асуудал зэрэг өөрсдийн амьдрал ахуйдаа тулгамддаг асуудлуудаа шийдвэрлэж өгөхийг аймгийн орлогчоос хүсэж санал бодлоо хэлж байв. Аймгийн Засаг даргын орлогчийг эрүүл мэнд, онцгой байдал, газар, байгаль орчин, хүнс хөдөө аж ахуй, мэргэжлийн хяналтын газрын дарга, мэргэжилтнүүд, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд дагалдан явлаа.
Сэлэнгэ аймгийн брэнд ажлын нэг бол аймгийн Засаг дарга, өөрийн хүрээний хэлтэс, агентлаг, алба, газрын дарга нарын хамтаар сумдын иргэдтэйгээ өөрийн биеэр суманд нь очиж уулзан санал бодлыг нь сонсож, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлдэг явдал билээ.
Өнөөдөр ард иргэддээ хүрч үйлчлэх, тэднийхээ дуу хоолойг сонсож ажил арга хэмжээндээ тусгах, хийж хэрэгжүүлсэн, хийхээр төлөвлөсөн ажлаа тайлагнан санал бодлоо хуваалцах үндсэн зорилготой арга хэмжээ ийн Орхон сумаар үргэлжиллээ.
Ч.Отгонцэцэг
相关新闻