Б.Халиун: Мэргэжлээ зөв сонгосон хүүхдийн амжилтад хүрэх зам нь дардан байдаг
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг мэргэжлээ зөв сонгоход нь туслах зорилгоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ) "Ирээдүйн эзэд" аяныг орон даяар өрнүүлж эхэллээ.
Энэ хүрээнд өнөөдөр Отгонтэнгэр их сургууль (ОТИС)-тай хамтран нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад зориулан “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ” уулзалт зохион байгууллаа. Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 31.7 хувийг дээд боловсролтой залуучууд эзэлж буй юм. Энэ нь хүүхдүүд мэргэжлээ зөв сонгож чаддаггүйтэй холбоотой гэдгийг уулзалт зохион байгуулагчид онцолж байв.
Уулзалтын үеэр ГБХЗХГ-ын дэд дарга Б.Халиун, “Хүүхдүүд бол Монгол Улсын ирээдүй. Тиймдээ ч хүүхдүүдийн сонгосон мэргэжил нь Монгол Улсын сонголт болно гэсэн үг. Гэтэл хүүхдүүд аав, ээжийнхээ мэргэжлийг үе залгамжлан сонгох, эсхүл найзтайгаа хамт сурах нэрийдлээр өөр мэргэжлээр суралцах тохиолдол цөөнгүй байгаа юм. Мөн эцэг эх нь өөрсдийн сонгосон мэргэжлээрээ сургахаар тулгадаг зэрэг асуудал бий. Өөрийн хүсэл, сонирхолдоо тулгуурлан мэргэжлээ сонгож чадаагүй залуус сургуулиа орхих, мэргэжлээ бүрэн эзэмшиж чадахгүй байх, төгсөөд ажилд орж чаддаггүй зэрэг хүндрэлтэй тулгардаг. Тиймээс ахлах ангийн сурагчид сэтгэлийн хөөрлөөр бус өөрийнхөө хэн бэ, юу сонирхдог вэ гэдэгт тулгуурлан сонголтоо хийх нь зөв. Мэргэжлээ зөв сонгосон хүүхэд ирээдүйд амжилтад хүрэх зам нь дардан байдаг” хэмээв.
Мэргэжлийн байгууллагуудын зүгээс оюутнуудын дунд явуулсан судалгаагаар 10 хүүхэд тутмын 7 нь “мэргэжлээ буруу сонгосон” гэсэн хариулт өгчээ. Хэдийгээр их, дээд сургуулиудын сургалтын чанар сайжирч байгаа ч хүүхдүүд мэргэжлээ зөв сонгоогүйн улмаас чадварлаг боловсон хүчин болж бэлтгэгдэж чадахгүй байгааг ОТИС-ийн захирал, доктор Н.Энхзаяа хэллээ.
Тэрбээр, “БСШУСЯ-наас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Дээд бололвсролын шинэчлэл” хэмээх том төсөл хэрэгжүүлж байгаа. 20 жилийн өмнө сургуулийн хэдэн багш нар нийлж тухайн хичээлийн жилийнхээ хөтөлбөрийг боловсруулдаг байсан. Харин өнөөдөр дээрх төслийн хүрээнд тал талын оролцоо, судалгаатай хөтөлбөр боловсруулж байна. Одооноос хүүхдүүд мэргэжлээ зөв сонгоод, түүндээ тууштай хүрч чадвал Монгол Улсын боловсролын систем сайжирч, хөдөлмөрийн зах зээлд чадварлаг боловсон хүчин гарах болно. Тиймээс хүүхэд залуучуудыг мэргэжлээ зөв сонгоход нь туслах “Ирээдүйн эзэд” аяныг хоёр дахь жилдээ дэмжин ажиллаж байна” гэв.
Монгол Улсын хэмжээнд 2017-2018 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийг 40.8 мянган сурагч төгсөж, их, дээд сургууль, МСҮТ-д элсэн суралцах юм. Өнөөдрийн уулзалтын үеэр ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчидтай уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо.
84 дүгээр сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Ануцэцэг, “Би хуулийн чиглэлээр суралцана гэж бодож байгаа. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад гэр бүлийн хүчирхийлэл газар авч, үүнтэй холбоотой сэтгэл сэртхийлгэм мэдээлэл ихээхэн цацагдах болсон. Тиймээс гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хамгаалах, хуулийн орчинг сайжруулахад өөрийн хувь нэмрээ оруулахыг хүссэн юм. Аав, ээж минь намайг өөр мэргэжил сонго гэсэн зөвлөгөө өгсөн. Гэхдээ би өөрийн хүсэл, сонирхлын дагуу мэргэжлээ сонгох болно. Багш минь ч дэмжиж байгаа.
84 дүгээр сургуулийн 10 дугаар ангийн сурагч Л.Даваасүрэн, “Би цагдаа болох хүсэлтэй. Одоогоос жилийн өмнө энэ шийдвэрээ гаргаж, эцэг эх, багш нартайгаа ярилцсан. Өөрийн сонирхлоороо суралцаж, ажиллаж байгаа хүн амжилтанд хүрдэг. Үүнийг гэр бүлийнхэн минь сайн мэддэг учраас миний сонголтыг эсэргүүцээгүй. Харин ч дэмжиж, энэ чиглэлийн сонирхолтой ном болон бусад зүйлсээр хангаж байгаа. Үеийн нөхөддөө ч өөрийн хүсэл, сонирхлоороо мэргэжлээ сонгохыг уриалж байна. Мөн эцэг эхчүүд нь ч хүүхдүүдээ сонсож, дэмжээсээ гэж хүсч байна.
Энэ хүрээнд өнөөдөр Отгонтэнгэр их сургууль (ОТИС)-тай хамтран нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад зориулан “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ” уулзалт зохион байгууллаа. Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 31.7 хувийг дээд боловсролтой залуучууд эзэлж буй юм. Энэ нь хүүхдүүд мэргэжлээ зөв сонгож чаддаггүйтэй холбоотой гэдгийг уулзалт зохион байгуулагчид онцолж байв.

Мэргэжлийн байгууллагуудын зүгээс оюутнуудын дунд явуулсан судалгаагаар 10 хүүхэд тутмын 7 нь “мэргэжлээ буруу сонгосон” гэсэн хариулт өгчээ. Хэдийгээр их, дээд сургуулиудын сургалтын чанар сайжирч байгаа ч хүүхдүүд мэргэжлээ зөв сонгоогүйн улмаас чадварлаг боловсон хүчин болж бэлтгэгдэж чадахгүй байгааг ОТИС-ийн захирал, доктор Н.Энхзаяа хэллээ.
Тэрбээр, “БСШУСЯ-наас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Дээд бололвсролын шинэчлэл” хэмээх том төсөл хэрэгжүүлж байгаа. 20 жилийн өмнө сургуулийн хэдэн багш нар нийлж тухайн хичээлийн жилийнхээ хөтөлбөрийг боловсруулдаг байсан. Харин өнөөдөр дээрх төслийн хүрээнд тал талын оролцоо, судалгаатай хөтөлбөр боловсруулж байна. Одооноос хүүхдүүд мэргэжлээ зөв сонгоод, түүндээ тууштай хүрч чадвал Монгол Улсын боловсролын систем сайжирч, хөдөлмөрийн зах зээлд чадварлаг боловсон хүчин гарах болно. Тиймээс хүүхэд залуучуудыг мэргэжлээ зөв сонгоход нь туслах “Ирээдүйн эзэд” аяныг хоёр дахь жилдээ дэмжин ажиллаж байна” гэв.
Монгол Улсын хэмжээнд 2017-2018 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийг 40.8 мянган сурагч төгсөж, их, дээд сургууль, МСҮТ-д элсэн суралцах юм. Өнөөдрийн уулзалтын үеэр ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчидтай уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо.


Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр