Эмэгтэйчүүдийн эрх, хөгжил дэвшлийн төлөө ажиллаж байгаа байгууллагууд нэг дор цуглаж мэдээллээ солилцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. “Нэг зорилго-Нэг дуу хоолой” нэртэй эмэгтэйчүүдийн эрхийн мэдээллийн яармаг Улаанбаатар хотноо өнөөдөр эхэлж байна. Энэхүү арга хэмжээнд 21 аймаг, Улаанбаатар хотын эмэгтэйчүүдийн төрийн бус 99 байгууллага оролцож, эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл, арга туршлагаасаа солилцож байна.
Мэдээллийн яармагийн үзэсгэлэнд 15 байгууллага оролцож байгууллагын хийж байгаа ажлаа танилцуулахаас гадна 2017 оны онцлох бүтээгдэхүүнийг хэвлэмэл ном, товхимол, бүтээсэн видео, шторк хэлбэрээр танилцуулж байна. Мөн үеэр ТББ-ууд гэр бүлийн хүчирхийлэл, ажлын байран дахь бэлгийн дарамт зэрэг жендэрт сууурилсан хүчирхийлэл зэрэг асуудлаар хийсэн ажлынхаа талаар мэдээлэл, хийсэн судалгааны үр дүнг танилцуулах төдийгүй бага насны хүүхэд өсвөр үеийнхэнд энэ асуудлыг хэрхэн багаас нь ойлгуулах, зөв хандлага төлөвшүүлэх, хөвгүүдийг энэ ажилд татан оролцуулах зэрэг шинэлэг санал санаачилгаа бусад байгууллагуудтай хуваалцаж байна.
Дашрамд энэхүү арга хэмжээг энэ жил гурав дахь жилдээ Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж Монголын эмэгтэйчүүдийн сан/МОНЭС/-аас зохион байгуулж байгаа ажээ. Тус байгууллага нь Монголын эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллага, үүсгэл санаачлагын бүлгүүдэд эмэгтэйчүүдийн хөгжлийн төлөө санхүүгийн болон арга зүйн дэмжлэг үзүүлдэг үндэсний олон нийтийн сан юм байна. МОНЭС нь 2000- 2017 оны хооронд 1,5 тэрбум төгрөгийн 446 тэтгэлэгийг эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллага, бүлгүүдэд олгож, эмэгтэйчүүдийн эрхийг хангахад хувь нэмрээ оруулжээ.
Б.Мягмарсүрэн