“Уран хайчилбарын хөргүүд” үзэсгэлэн гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-02-28 11:50:23
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Улсын тэргүүний ЕБ-ийн сургуулийн дизайн технологийн багш, Алтан гадас одонт, МУСТА, МУБТА Д.Төртөвшин, Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн уран хайчилбарын багш өөрийн хүү Т.Ганхуягийн хамтаар “Уран хайчилбарын хөргүүд” хайчилбарын үзэсгэлэнгээ гаргажээ.
Энэхүү үзэсгэлэн нь монголдоо анх удаа хөргийн чиглэлээр гаргасан анхны үзэсгэлэн болж буйгаараа онцлог байлаа. Тус үзэсгэлэнд Д.Төртөвшин багшийн удирдан хичээллүүлдэг “Уран бийр” дугуйлангийн сурагчдын бүтээл зэрэг нийт 186 хөрөг хайчилбар тавигдсан байна. Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн “Art gallery” үзэсгэлэнгийн танхимд гарсан уг үзэсгэлэнг ХУБТ-ийн захирал Д.Уранбилэг нээж, Баянгол сумын засаг даргын орлогч М.Бямбаа, хамт олны төлөөлөл болох багш Т.Гантулга, О.Ганцэцэг, Солонго 21-р цэцэрлэгийн багш нарын төлөөлөл О.Бадамханд, үе үеийн шавь нар, урлаг судлаач, сонирхогчид оролцсон байна. Мөн нээлтийн үйл ажиллагаанд дуучин н.Агиймаа, Д.Билгүүн, н.Өнөдэлгэр, Take Off хамтлаг оролцож ая дуугаа өргөжээ.
Д.Төртөвшин багш уламжлалт урлагаа сэргээж, хөгжүүлэхэд сэтгэл зүрхээ зориулан яваа шилдэг, авьяслаг уран бүтээлчдийн нэг юм.
Ч.Отгонцэцэг
相关新闻