Зөрчлийн тухай хуулийн зарим заалт иргэдэд хүндээр тусаж байна гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Улсын Их Хурлаас өнгөрсөн оны тавдугаар сарын 11-ний өдөр Зөрчлийн тухай хуулийг баталсан ба мөн оны долдугаар сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр болсон юм. Тэгвэл уг хуулийн зарим заалт бодит амьдралд хүндээр тусаж байгааг иргэд УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Бадалханд өчигдөр төрийн албан хаагч нартай хийсэн уулзалтын үеэр дуулгалаа.
Жишээлбэл, Өлгий сумын гуравдугаар багийн Засаг дарга Х.Космос: "Иргэний цахим үнэмлэхээ шинээр авах ба түүний 25, 45 насны сунгалт, шинээр төрсөн хүүхдээ бүртгүүлэх гээд зарим хүмүүс хуульд заасан хугацаанаас хоцорчихдог. Тэгээд 30 мянган төгрөгөөр шууд торгуулж байна. Хүн ажилтай байж болно, заримдаа хөдөө гадаа явж магадгүй. Иргэний цахим үнэмлэх авахад шаардлагатай 18300 төгрөгийг төлж чадахгүй байгаа ажилгүй хүн дээр нь нэмээд торгууль төлөх маш хэцүү. Энэ хуулийн зарим заалтуудыг эргэн харахыг иргэд хүсэж байна" гэв.
Үүнд УИХ-ын гишүүн Х.Баделхан: "Зөрчлийн тухай хуульд амьдралд нийцэхгүй, хэрэгждэггүй, хүнд заалтууд олон байгаа. Шүүмжлэл дагуулж байна. Аймгийн ИТХ-аас энэ талаарх саналаа албан ёсоор өгчихвөл сайн байна. Хуульд өөрчлөлт оруулах асуудал яригдаж байгаа. Үүнийг Засгийн газарт уламжилна" хэмээн хариуллаа.
Дашрамд дурдахад, аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс өгсөн мэдээллээр он гарснаас хойш 85 иргэн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль оногдуулсан байна.
Ө.Нурболат