Толбо сумын төвөөс арваад километрийн зайд буга нутагшжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Толбо сумын нэгдүгээр багийн нутаг болох "Харгант" /Хотыр жон/ хэмээх газарт 12 толгой халиун буга ирж нутагшжээ.
Тус газар нь сумын төвөөс ердөө арваад километрийн зайд орших аж.
Мэргэжлийн хүмүүс уг бугануудын Алтай сумын ангийн бүс нутгуудаас нүүдэллэж ирсэн шалтгааныг ангийн тоо толгой өссөнтэй холбогдуулан тайлбарлаж байна. Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаатай хамтран дээрх газарт халиун бугануудад зориулан өвс, давс тавьж, био техникийн арга хэмжээ авчээ.
Хэрэв уг нутагт зэрлэг ан амьтад тогтмол нутагшсан тохиолдолд ангийн бүс нутаг болгон хамгаалалтад авахаа албаны хүмүүс илэрхийлээд байна.
Ө.Нурболат