Ерөнхийлөгч Х.Баттулга Булган аймгийн иргэдтэй уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-02-11 20:52:47
Булган /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Булган аймагт ажиллаж, иргэдтэй уулзалт хийлээ. Ерөнхийлөгч Х.Баттулгын амралтын өдөр аймгийн хөгжимт жүжгийн театрт иргэдтэй хийсэн уулзалтад суудал хүрэлцэхгүй гурван цаг гаруй зогсоогоороо оролцсон олон хүн байлаа.

Төрийн тэргүүн арав дахь аймагтаа хийж байгаа уулзалтдаа Булган сумын өндөр настан Д.Дуламсүрэн, Д.Оюумаа, Т.Оюунцэцэг, Д.Шарав, бизнесмен Д.Гончигсүрэн, Цагдаагийн иргэний зөвлөлийн гишүүн Х.Баясгалан, иргэн Б.Батзаяа, Б.Нямдаваа нартай тайзан дээр хамт сууж иргэдийн санал сэтгэгдлийг сонслоо.
Уулзалтад оролцсон иргэдээс үг хэлсэн хүмүүс цалин, тэтгэврийн зээлийн хямралаас гарах боломжгүй болсон, хувиар хөдөлмөр эрхлэгчдэд төрөөс үзүүлдэг дарамт, намаар талцан иргэд, төрийн албан хаагчдыг үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхах нь хэрээс хэтэрсэн, хуулийн байгууллага, АТГ-т шударга бус байдал ноёлсон, сахилга хариуцлагын тухай ойлголт алга болсон зэрэг шүүмжлэл хэлж байсан юм.
Тухайлбал: Булган сумын 1-р багийн иргэн Н.Бадамдорж, Мэргэжлээрээ ажиллана гэж бодож дээд сургууль төгсөөд ажилд орох гэхээр аль нам бэ гэдэг. Нам бус болохоор арван жил банкны хамгаалагч хийлээ. Төрийн албанд залуучууд намын үзэл бодлоор дөрвөн жилийн хугацаатай ажилладаг боллоо. Цалингийн зээлийг даатгалтай болгож, бага ч гэсэн төлбөрийг нөхөн төлүүлэх талаар бодмоор байна. Залуучууд улс төрийн шалтгаанаар ажлаас халагдаад өр зээлэндээ баригддаг. Тэгээд гадаадад ажиллахаар явна. Олсон мөнгөө зээлэндээ өгөөд оймсоо ч сольж чадахгүй байна. Залуучуудыг эх орондоо ажиллаж амьдрах боломжоор хангамаар байна гэж байлаа. Уулзалтын үеэр бараг үг хэлсэн хүн болгон Булган аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг энэ онд тэмдэглэх учраас аймаг болоод тэргүүний хүмүүсээ шагнуулах талаар  ам нээж, хүсэлт тавьж байлаа.
 Иргэдийг санал бодлоо хэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга товч үг хэллээ.
- Иргэд тэтгэврийн талаар их санал гаргадаг. Мөн офшор бүст байгаа мөнгө яагаад орж ирэхгүй байна гэж асуудаг. Надад байдаг ганц эрх шагналын асуудлын талаар их санал гомдол ирүүлж байна.
2017 оны байдлаар нийтдээ 380 орчим мянган иргэд тэтгэвэр авдаг юм байна. Үүнээс 230 орчим нь зээлтэй. Арван банкнаас 680 орчим төгрөгийн зээл өгсөн байна.  АН-ынхан маань иргэдийн тэтгэврийн болон цалингийн зээлийн асуудал дээр анхаарах үүрэг өгсөн. Зээлийн асуудлыг судлан шийдвэрлэнэ.
Булган аймгийн хөгжил дундаас доогуур үзүүлэлттэй харагддаг. Өмнөговь, Сүхбаатар, Баянхонгор аймагтай харьцуулахад ийм байна. 1958 онд байгуулагдсан театртаа одоо хүртэл урлаг соёлын арга  хэмжээ хийнэ байна гэдэг чамлалттай. Уран бүтээлчид, иргэд гомдол гаргахаас өөр аргагүй. Тийм учраас УИХ-ын гишүүн санаачлагатай ажиллах юм бол Ерөнхийлөгчийн зүгээс дэмжиж ажиллана.
Ажлын байрны талаар иргэд их ярьж байна. 2010 онд төмөр замын бодлого УИХ-аар батлагдсан. Далайд гарцгүй орны хувьд хөгжил зам, ялангуяа төмөр замаас их хамааралтай. Сайншандад аж үйлдвэрийн парк байгуулах ажлаа эхлүүлэхээр нэлээд их санал тавьж байна.
Монгол Улсын Засгийн газар том бүтээн байгуулалтыг зарлаж, ажлын байр нэмэгдүүлж, иргэдээрээ хийлгэх ёстой. Цэргийн насны залуучуудаа армид татаад нэгээс гурван жил алба хаалгаад бүтээн байгуулалтад оролцуулья. Бүтээн байгуулалтад гадныхан биш монголчууд ажилладаг байя, залуучуудыг орлоготой больё  гэсэн хөтөлбөр байгаа юм. Нэгээс гурван жил цэргийн алба хаалгаж мэргэжилтэй залуучуудаа бэлтгэе. Тэсвэр хатуужилтай болгоё гэсэн хөтөлбөр яриад яваа юм.
Солонгост ажилласнаас дутуугүй цалин өгч байж гадаад руу чиглэсэн нүүдэл зогсоно. Солонгос жаргах гэж яваагүй. Амьдрах гэж яваа. Төр засаг гэж байдаг бол 27-28 жил алдсан алдаагаа засч хамтарч ажиллая гэсэн санал Засгийн газарт тавиад ажиллаж байгаа. Иргэд та бүхэн бас хамтарч шахаж шаардаж ажиллаарай.
Хот, хөдөөгийн зэрэг явах ёстой. Яагаад гэвэл хотын хөгжлийг идэвхжүүлбэл төв рүү нүүдэл ихэсдэг. Тиймээс малчдын амьдралыг сайжруулах талаар ХХАА-н сайд байхдаа нэлээд ажил хийсэн. Малаас гаралтай түүхий эдийг ХАА-н биржаар тогтмол хийдэг байх талаар санаачилж хөдөөгийн бодлого гаргаж тавьсан. 100 сумын шинэчилнэ гэсэн УИХ тогтоол гаргаад хоёрхон сумын асуудлыг шийдсэн. Баянхонгор аймгийн Бууцагаан, Баянлиг сумын төвийг шинэчилсэн.
Хөдөөг өөрчилж байж хөдөөгийн амьдрал сайжирна. Тогтвортой хөгжинө. Ард олон бол оломгүй далай учраас хамтдаа нийлж монголчууд ялахын төлөө, иргэдтэй хийх уулзалтаа үргэлжлүүлэх болно гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Х.Баттулга Булган аймагт хагас өдөр ажиллаж, иргэдтэй уулзалт хийж, санал сэтгэгдлийг сонсоод буцлаа.
М.Батжаргал

相关新闻