Эмгэнэл

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-11-23 10:26:53

Монголын сэтгүүлзүйн салбарын томоохон төлөөлөл, сэтгүүлч, Лунтангийн Болормаа энэ сарын 21-нд зуурдаар таалал төгсч нөхөж баршгүй гарз тохиолоо.

Л.Болормаа нь МУИС-ийн сэтгүүлзүйн ангийг дүүргэж, 1998 онд “Өнөөдөр” сониноос ажлын гараагаа эхэлжээ. Л.Болормаа 2001-2008 онд “Өнөөдөр” сонины Орлогч эрхлэгч, Нэгдүгээр орлогч эрхлэгч, 2008 оноос эдийн засаг, уул уурхайн The Mongolian Mining Journal сэтгүүлийг үүсгэн байгуулж эрхлэгчээр нь ажиллаж байлаа. Тэрээр Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх салбар болох эдийн засаг, уул уурхайн сэдвээр мэргэшсэн сэтгүүлчдийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр “Хөгжлийн төлөө сэтгүүлзүй” ТББ-ыг ажиллуулдаг байв.

Түүний баримтыг эрэлхийлж нягтлан шинжилсэн, баталж нотолсон нийтлэл, сурвалжлага, ном бүтээл нь Монголын шинэ цагийн сэтгүүлзүйд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.

Хурц дайчин нийтлэлээрээ уншигч түмэндээ танигдсан таны гэгээн дүр төрх бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно. 

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд төрөл төрөгсөд, хамт олон болон Монголын сэтгүүлзүйн салбарын нийт хамтран зүтгэгч, найз нөхдөд нь гүн эмгэнэл  илэрхийлье.

МОНЦАМЭ агентлагийн хамт олон

相关新闻