24 цагийн эмийн сан ажиллуулах хүсэлт тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-01-28 22:39:22
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Алслагдсан багийн иргэдээс 24 цагийн үйлчилгээтэй эмийн сан ажиллуулах санал аймгийн ЗДТГ-т ирсэний дагуу Нийгмийн бодлогын хэлтэс эмийн сангуудын талаарх мэдээлэл өглөө. Орхон аймагт 57 эмийн сан ажиллаж байгаагаас хоёр нь 24 цагаар ажилладаг юм.  24 цагаар ажиллах эмийн сангийн шаардлагад жор баригч 3-4 хүн, эм зүйч нэгээс хоёр, туслах ажилтан нэг гээд нийт наймаас дээш ажилтантай байгууллага ийм төрлийн үйлчилгээ үзүүлж болох ажээ. Энэ шаардлагыг хангасан эмийн сан гэр хороололд хараахан байхгүй ч цаашид бодлогоор дэмжих чиглэлээр орон нутгаас ажиллахаар боллоо. Гэхдээ гэр хороололд үйлчлүүлэгч бага байх эрсдэлтэй тул 24 цагаар ажиллах хүсэлтэй эмийн сангуудын эдийн засаг, хүний нөөцийн хүчин чадлыг харгалзах ажээ. Өнөөдрийн байдлаар Дэнж багийн “Тайга” эмийн сан ажиллах боломжтой гэсэн хариу ирүүлсэн байна.
Орхон аймагт ажиллаж буй 57 эмийн сангаас зургаа нь ЭМНД-ын санхүүжилтаар хөнгөлөлттэй эмийг гэр хорооллын Говил, Дэнж, Баянцагаан, Рашаант баг болон Жаргалант сумын иргэдэд олгож байна.
 Б.Оюун-Эрдэнэ
相关新闻